<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Dashnyam Jargalsaikhan

Dashnyam Jargalsaikhan

Ж.Дашням нь оюутан байхдаа залуу энтрепренерүүдэд зориулсан youngreader.mn сайтыг үүсгэн байгуулж амжилттай ажиллуулж байгаа. Mongol ID компанийн Бизнес хөгжил-Маркетингийн албанд ажиллаж байсан туршлагатай залуу энтрепренер, маркетер, нийтлэлч юм.

Нийтэлсэн: 2018-03-19, унших хугацаа: ~3 минут

Амралтын өдрийг ашиглан Orgil Seo санал болгосноор Америкт циркийн урлагийн түүхийг бүтээсэн П.Т.Барнумын түүхээс сэдэвлэгдсэн Greatest Showman киног үзлээ. Миний хувьд мюзикл киног төдийлөн ойшоодоггүй ч энэхүү кино бяцхан хүү мөрөөдөн дуулж эхлэхээсээ төгсөх хүртлээ огтхон ч уйдаагаагүйгээс гадна сэтгэлийг минь ч ихээр хөдөлгөсөн юм. П.Т.Барнумын туулсан амьдрал, хайр дурлал, эрсдэл, адал явдал, бодит түүхийг дуу хөгжимтэй хослуулсан киноны үйл явдал хүн бүхэнд баяр баясал, урам зориг хайрласан 2017 оны шилдэг киноны нэг яалт ч үгүй мөн байлаа. Ингээд энэхүү киног үзэх явцад надад төрсөн, урам зориг хайрлахуйц зүйлсийн талаар та бүхэнтэйгээ хуваалцъя.


1. Мөрөөдөлтэй бай

Кино эхлэхэд ядуу амьдралтай нэгэн хүү мөрөөдөж эхэлдэг. Аавтайгаа амьдардаг тэр ядуу хүү бол мөрөөдөл дүүрэн П.Т.Барнум юм. Гудамжинд хулгай хийн, хайртай охиныхоо аавд нүд үзүүрлэгдсэн ч тэрээр хэзээ ч мөрөөдлөө орхиогүй. Чиний хаана өссөн, хэний хүү болж төрсөн чинь чухал биш гол нь чамд том мөрөөдөл, түүнийхээ төлөө тэмцэх тууштай зан байх нь хамгийн чухал.

 

2. Эрсдэлийг боломж гэж хар

Ажиллаж байсан компани нь дампуурахад тэрээр компанийнхаа живсэн хөлөг онгоцнуудыг хуурамчаар барьцаалан зээл авч өөрийн циркийг байгуулдаг. Анхандаа цирк нь бусдын сонирхлыг татахааргүй амжилтгүй байсан хэдий ч тухайн нийгэмд нуугдаж, өөртөө итгэлгүй болсон өвөрмөц хүмүүсийг зоригжуулан ил гаргаснаараа маш том эрсдэл хийж буйг уг кино харуулдаг. Ийнхүү эрсдлийг боломж хэмээн харснаараа хэний ч тоож үзэхгүй байсан циркийн үзүүлбэрийг эрэлт өндөртэй урлаг болгоа хөгжүүлэх эхлэлийг тавьж чадсан. Тэрээр маш том эрсдэлийг маш том боломж хэмээн хардаг.

 

 

3. Хийж буй зүйлдээ үргэлж итгэлтэй бай

Хэдий эрсдэлтэй байсан ч П.Т.Барнум хийж буй зүйлдээ маш итгэлтэй байсан. Үр дүнд нь Америктаа нэр хүндтэй болоод зогсохгүй хамтрагчийнхаа тусламжтайгаар Английн Хатан хаантай хүртэл уулзаж чаддаг.

 

4. Тууштай бай

Эрсдэл, бусдын эсэргүүцэл, шүүмжлэгч луйварчин хэмээн зарлаж байсан ч П.Т.Барнум зогсолтгүй хийж буй зүйлсээ үргэлжлүүлсээр л байсан. Амжилтыг зогсоох зүйл бол хэн нэгний үгүйсгэл, дайралтаар бус зөвхөн чи өөрөө тиймээс хийж буй зүйлдээ итгэлтэй мөн тууштай байх хэрэгтэй.

 

5. Тохиролцоо хийх чадвар

Киноноос П.Т.Барнум төрөлхийн тохиролцоо хийж чадвартай байсан нь харагддаг. Өвөрмөц хүмүүсийг өөрийн цирк дээ элсүүлж байгаа болон хамтрагч Филлип Карлайлетай тохиролцоо хийдэг хэсгүүд маш сонирхолтой. Баян айлын өв залгамжлагч, дутагдах зүйлгүй ч аз жаргалгүй түүнийг өөрийн эрсдэлтэй циркийн салбар луугаа тохиролцон хамтрагчаа болсон оруулж чаддаг. Харилцаж буй хүнийхээ юу хүсэж буйг урьдчилан таамаглан тохиролцох нь бизнесийн маш том чадвар юм. 

 

6. Баг хамт олон хамгийн чухал

Барнумын амжилтын хамгийн чухал зүйлсийн нэг бол түүний бий болгосон баг юм. Нэг зорилго дор нэгдэн гэр бүл болтлоо нийлж чадсан түүнийг баг байгаагүй бол Барнумын цирк амжилтыг олохгүй байсан байх. Киноны эцэст бүх зүйл нь орвонгоор эргэхэд түүнд үлдсэн ганц зүйл нь өвөрмөц хүмүүсээс бүрдсэн баг байдаг. Бүх эрсдэлийг даван бий болгосон баг бол түүний хамгийн том хүч гэдгийг тэрээр киноны төгсгөлд ойлгодог.

 

7. Гэр бүл

Түүний мөрөөдлийг үргэлж дэмждэг эхнэр, цирк нь амжилтгүй байх үед түүнд урам зориг, шинэ санааг өгдөг хүүхдүүд нь гэр бүл хэчнээн чухал гэдгийг бидэнд ойлгуулдаг. П.Т.Барнум дэлхийд танигдахын тулд дуурийн дуучинтай холын аялалд гардаг ч тоглолтын дунд үед хамгийн чухал зүйл бол гэр бүл гэдгийг ойлгон тоглолтоо орхин гэр лүүгээ буцдаг. Бид хэдий чинээ амжилттай байна тэр бүхний ард үргэлж тусалж, дэмждэг гэр бүл байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

 

Эцэст нь таны ажил хүндхэн, асуудал тулгараад яахаа мэдэхгүй байгаа бол энэхүү киног өөртөө цаг гарган заавал үзээрэй гэж зөвлөе. Танд маш их зүйлийг ойлгуулж мөн эрч хүч хайрлах болно. Кино урлаг гэдэг үнэхээр гайхалтай....

Сэдэв: Энтрепренершип, Entrepreneurship

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


New call-to-action

Бүх нийтлэлүүд