<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">

2017 оны маркетингийн төсөв, төлөвлөгөөгөө гаргаж байгаа нийт маркетерууд бас захирлуудтай ирэх онд заавал анхаарах маркетингийн чиг хандлагуудын тухай өөрийн бодлоос хуваалцъя.

Шинэ он гарахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул бизнес төлөвлөгөөгөө гаргахаар шаргуу ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мэдээлэл, дижитал технологийн энэ эрин үед худалдан авагчдын зан төлөв жил бүр хувьсан өөрчлөгдсөөр. Харин маркетерууд энэ өөрчлөлтүүдтэй хөл нийлүүлэх хүндхэн даалгавартай ажилласаар. Ирэх оны чиг хандлагуудын талаар ярихаас өмнө 2016 онд юу юу болсныг эргэж нэг харцгаая.

  • Видео маркетинг. Ялангуяа богино видео контентоор маркетинг хийх нь үр дүнтэй нь нотлогдлоо. Уламжлалт телевизийн контент сошиалд амжилт олохгүйг бид бүрэн ухаарч огт өөрийг хийж эхэлсэн. 
  • Шууд нэвтрүүлэг. Фэйсбүүк өөрийн шинэ бүтээгдэхүүн болох Live-ийг хэрэглээ болгож чадлаа. Шууд нэвтрүүлгийг телевизүүд л хийдэг гэсэн ойлголт орвонгоороо өөрчлөгдөв. Зурагт үзэхээ больж байгаа шинэ мянганыхан олимпыг хүртэл Фэйсбүүкээр үздэг болов. 
  • Хөдөлгөөнт зураг. Хөдөлдөг GIF зураг технологийнхоо хувьд цоо шинэ зүйл огт биш хэдий ч маркетерууд Фэйсбүүк дээр маш бүтээлчээр ашиглаж чадсан. 
  • Snapchat. Дэлхий даяар хамгийн их анхаарал татсан энэ сошиал медиа дээр хэрхэн маркетинг хийх вэ гэдгийг маркетерууд бүрэн сайн ойлгоогүй л байна. Хугацаа нь дуусдаг контент трэнд болж чадна гэж яаж бодож олсон юм бол доо. 
  • Маркетингийн чанаргүй контентын ханалт. Уламжлалт масс медиа болон дижитал сувгуудын аль алинд нь чанаргүй контент ихэссэн тул хэрэглэгчид өөрт нь хэрэгтэй, сонирхолтой, үнэ цэнэтэй байж болох сайн контентыг л анхаарч үзэх нь тодорхой боллоо.
  • Чанартай сайн контент, сошиал медиа нь телевизүүдийн хувьд гарц байж болохыг Монгол ТВ, Боловсрол сувгууд харууллаа гэж бодож байна. Чанартай, амьдралтай, интерактив контентууд сайтуудын хувьд ч гарц болохыг ikon.mn, unread.today зэргийн амжилтаас харцгаалаа.
  • Твиттер. Хэрэглэгчийн тооны өсөлт зогссон, сурталчилгаа нь үр дүн тааруу байгаа, шинэ бүтээгдэхүүн бүр дээрээ Фэйсбүүкт цохигдож байгаа нь жиргээний ирээдүй бүрхэг байгааг харууллаа. Гэхдээ Твиттерт нөлөөлөгчийн маркетинг амжилттай хийгдсээр байгаа.

Харин 2017 онд ямар чиг хандлагууд ажиглагдаж байна вэ? 

"Хүмүүсийн аливаад суралцах болох худалдан авах зан төлөв хэдхэн жилийн өмнөхөөс огт өөр болсон. Маркетерууд хөл нийлүүлэн алхаж болно эсвэл мөхнө." - Брайн Халлиган. HubSpot-ын үндэслэн байгуулагч, гүйцэтгэх захирал.

Богино видео, шууд нэвтрүүлэг, аугментед реалити, бас чатбот

Snapchat, Pokemon Go, 360, Facebook Live, богино видео маркетингийн амжилт 2017 онд цааш үргэлжлэх магадлал тун өндөр байна. Хэрэв танай байгууллага видео контент хийхгүй байгаа бол 2017 онд заавал хийж эхлээрэй. Хэрэв үгүй бол нэгэн том боломжийг ашиглахгүй байгаа гэсэн үг. 

Та шууд нэвтрүүлэг хийхэд бэлэн үү? Камерын өмнө хэр чөлөөтэй ярьдаг вэ? Би лав тийм ч чөлөөтэй байж чаддаггүй. Гэхдээ 2017 онд Facebook Live-г маркетингт заавал ашиглах хэрэгтэйг ухамсарлаж байгаа. Ямар хэлбэрээр вэ гэдэг нь харин нөхцөл байдлаас хамаарна. Үзэсгэлэн яармаг, хурал конференц, вэбинар, бүтээгдэхүүн танилцуулах, шоппинг, сугалааны дүн танилцуулах, хичээл заах гээд төгсгөлгүй олон боломжууд энд харагдаж байна.

Аугментед реалити өмнө жилүүдэд хийхэд болон хэрэглээ болоход төвөгтэй байсан бол 360 зураг гэх мэт бүтээхэд болон хэрэглэгч ойлгоход харьцангуй хялбар шийдлүүд хэрэглээ болж байна. ebarimt хэрэглэх болсноор хүмүүс QR код хэрэглэж сурсан шиг Pokemon Go тоглоом трэнд болсон нь хүмүүс AR хэрэглэж сурахад туслаж байна. Ялангуяа үл хөдлөх, дэлгүүр, аялал жуулчлал зэрэг салбарын компаниуд маркетингдаа ашиглах нь үр дүнтэй.

Чатбот хөгжүүлэх нь бүр тийм ч амархан биш. Гэхдээ Фэйсбүүк мессенжерээр бидний өмнөөс манай бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулаад сургалтанд хүн бүртгэчихдэг, борлуулалт хийчихдэг чатботтой болох тухай 2017 онд бодож нэг үзээрэй. Бид лав өөрийн бот хийхээр төлөвлөж байгаа. Эхний удаад тийм ухаантай биш байж болно. Гол нь эхлэх нь зөв. Чатботууд ойрын жилүүдэд хүмүүсийн амьдралд орж ирэх хамгийн гайхалтай инновациудын нэг гэж харж байна.

Нөлөөлөгчийн маркетинг 

Урлаг, спорт, телевизийн одууд, нийтлэлчид төдийгүй жирийн хүмүүсээр маш үр дүнтэй нөлөөлөгчийн маркетинг хийх боломжтой болж байна. Ялангуяа Инстаграмын нөлөөлөгчид фэнүүдийн тоо, ур чадвар, бүтээлч байдлын хувьд улам сайжирч байна. Тэд өнөөдөр өөрсдийн нөлөөг жиргээчид шиг өндөр үнэлж чадахгүй байгаа ч 2017 он тэдний он жилүүд болно гэж таамаглаж байна. Олонх нь Snapchat хэрэглэдэг, тэнд бүтээсэн бүтээлч контентуудаа Инстаграм руу давхар гаргах болсон.

Танай зорилтот хэрэглэгчдийг дагуулж чадсан нөлөөлөгчидтэй хамтарч ажиллахгүй бол нэгэн том боломжийг алдаж байна гэсэн үг. Жирийн нэгэн хүн байх тусмаа илүү хүчтэй нөлөөтэй байх нь элбэг. Та залуусын хувцасны дэлгүүртэй гэж бодъё. Хамгийн нөлөөтэй 50 инстаграмчдыг олоод хамтарч ажиллаад үзвэл яагаад болохгүй гэж? Тэд танай тухай энгийн, бодит амьдралтай мөртлөө тун бүтээлч постуудыг хийснээр хэдэн арван мянган хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэрт нөлөөлж чадаж болох л юм.

Уламжлалт маркетингийн үр өгөөж үргэлжлэн буурна

Дижитал технологи хөгжихийн хэрээр уламжлалт масс медиа маркетингийн үр өгөөж буурч байна. Хүмүүст хүсээгүй үед нь өөрт нь огт хамаагүй зар сурталчилгааг харуулдгаас зайлсхийж сурчээ. IPTV дээрээ гүйлгээд үзчихнэ эсвэл сувгаа солино. Удирдлагаа олохгүй байлаа гэхэд гар утас нь хажууд байх тул тэр хооронд гар утсаа харна. 20 жилийн өмнө телевизийн өмнө бид олон цагийг өнгөрөөж байсан бол өнөөдөр тэр зүйл нь гар утас болсон. Телевизийн тоо нь хэт олон тул хүн үзчихмээр сонирхолтой нь өдрийн од мэт цөөн. Иймд уламжлалт маркетингийн сувгуудыг ашиглахдаа үзэгчид, сонсогчид, уншигчид нь танай зорилтот хэрэглэгч үнэхээр мөн эсэх, контент нь чанартай эсэхт ач холбогдол өгөөрэй.

2017 онд эдийн засаг тэгтлээ сэргэхгүй хандлагатай байгаа тул өндөр зардалтай уламжлалт маркетингаас дижитал маркетинг руу шилжилт үргэлжилнэ. Уламжлалт маркетингийн хэмнэсэн зардлыг дижитал контент, сошиал медиа маркетинг, фэйсбүүк сурталчилгаа, маркетингийн програм хангамжуудад зарцуулах чиг хандлага байна.

“Бодит факт гэвэл энэ [гар утсаа өргөн харуулаад] өнөөдрийн телевиз болсон, телевиз радио шиг хуучирсан. Snapchat, YouTube, Facebook, Instagram нь өнөөдрийн ABC, NBC, ESPN, MTV болсон гэдгийг ойлгоцгоож байна… M.A.S.H. эсвэл Seinfeld шиг шилдэг шоунуудыг энэ платформууд дээр хийж байгаа бизнесүүд ялан дийлнэ.” – Гари Вейнерчук. Inbound16 дээрх илтгэлээс.

Фэйсбүүкт улам л их мөнгөөр сурталчилгаа хийх тул маркетингийн төсөвт суулгах

Муу мэдээ гэвэл Фэйсбүүкийн органик хүрэлт (organic reach) улам л багассаар. Дунджаар 5% хүртэл унасан гэж ярьдаг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар 2% гэсэн тоо харагдаж байгаа. 100,000 лайктай хуудсан дээр хийсэн пост мөнгө төлөхгүй бол 2,000 хүнд л харагдаж мэднэ гэсэн үг. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Яагаад Фэйсбүүк хуудасны пост цөөн хүнд хүрдэг вэ?

Энэ асуудалд хоёр төрлийн шийдэл бий. Хамгийн амархан арга нь мөнгө төлөөд сурталчилгаа хийх. Фэйсбүүкийн борлуулалт жилд 50% өсч байгаа нь фэйсбүүкийн сурталчилгаа зах зээл дээрээ байгаа хамгийн хямд бөгөөд үр дүнтэй хэлбэр байсаар байгааг илтгэж байна. Хүмүүс тэнэг биш тул төлж байгаа гэсэн үг. Гэхдээ 1 долларын сурталчилгаагаар хүрч байгаа хүний тоо жил ирэх тусам буурч байгаа тул сурталчилгаа хийх ур чадваруудаа байнга хөгжүүлээрэй.

Хоёр дахь шийдэл бол зорилтот хэрэглэгчдийнхээ сэтгэл хүрсэн сайн контент бүтээх явдал юм. Ялангуяа вайрал тархах контент бүтээж чадвал үнэгүй маркетинг хийж болно. Харамсалтай нь вайрал контент бүтээх нь төвөгтэй, санасан амжилтанд хүрэхгүй байх нь элбэг, байнгын бүтээлч сэтгэлгээ шаарддаг тул байнга тогтвортой хийхэд хэцүү. Вайрал явах бүтээлч контент бүтээхийн хажуугаар зорилтот хэрэглэгчиддээ зориулан зорилготой контент бүтээхийг зөвлөж байна. Энгийн мөртлөө хүчирхэг арга бол персона маркетингийн аргачлал юм.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу?

Маркетингийн төлөвлөгөө гаргахдаа сошиал зар сурталчилгааны төсөв оруулахыг зөвлөж байна. Нэг долларын сурталчилгаа Монголд ойролцоогоор 1-ээс 2 мянган хүнд хүрдэг (барууны орнуудад лав 5-10 дахин цөөн хүнд хүрнэ), бас ойролцоогоор тооны видео үзэлт авчирдаг, нэг линк даралт ойролцоогоор 1-ээс 8 цент байгаа харагддаг. Жижиг бизнесүүд сард 100-аас 300 доллар зарцуулахад боломжийн түвшинд харагдах боломжтой. Боломжийн дунд зэргийн компаниуд сард 200-аас 500 доллар, том корпорациуд 500-2000 долларыг маркетингийн контентоо түгээхэд зарцуулж болж байна. 

Дижитал түүхийг өгүүлэх

Digital Storytelling буюу дижитал түүхийг өгүүлэх техникийг худалдан авалтын замналтай холбосноор боломжит худалдан авагчийг борлуулалт руу хөтөлдөг. Энэ түүх нь ганц видео юм уу нэг нийтлэл бус харин бүхэл бүтэн түүхийг нийлэн өгүүлэх контентын цогцол юм. Энэ түүх нь хэрэглэгчийнхээ асуудлыг нь ойлгох байдлаар эхлэнэ. Хэрхэн ойлгох вэ гэдэгт дээр персона тань тусална. 

Маркетинг хийхэд контент хэрэгтэйг бүгд ойлгосон хэдий контентын тодорхой стратеги байхгүйгээр хийдэг тул эцэст нь хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээ яагаад өөрт нь хэрэгтэйг сайн ойлгоогүй эсвэл эндүү ташаа ойлголт авсан байх нь элбэг. Энэ нь маркетингийн төлөвлөгөөгөө гаргахдаа борлуулалтын идэвхжүүлэлт, хямдрал, урамшуулал, сугалаа, зар сурталчилгаанд л хэт төвлөрдөгтэй холбоотой. Байнга хямдрал зарласаар хэрэглэгчид хэрэгтэй зүйлээ авах бус хямдралтай бараа л авдаг зан төлөвтэй болдог нь салбараа ашиггүй болгодог. 

Эхлээд хэрэглэгчдэд ямар асуудал байгааг, бас ямар боломжууд байгаа тухай өгүүлнэ. Дараа нь Асуудлуудад ямар шийдлүүд байж болохыг зөвлөнө. Эцэст нь танай бүтээгдэхүүн яагаад зөв шийдэл нь мөн гэдэг түүхийг өгүүлж болно. Дижитал түүхийг өгүүлсний араас хийсэн борлуулалтын идэвхжүүлэлт, зар сурталчилгаа маш үр дүнтэй байж чадна.

Иймд маркетингийн төлөвлөгөөндөө контентын стратеги төлөвлөгөө, үүнд персона, худалдан авалтын замнал, контентын зураглал ба календарчилсан төлөвлөгөө оруулж өгөөрэй. Мөн контент бүтээх, түгээх зардлын төсвүүдийг суулгаарай. Ямар контентыг өөрийн багаар, ямрыг нь аутсорсинг хийхээ бас тооцоорой.

"Маркетинг нь зөвхөн бүтээгдэхүүний тухай байхаа нэгэнт больжээ.  Харин та бүхний өгүүлж буй түүхүүдийн тухай болсон." - Сэт Годин. Зохиолч, энтрепренер, маркетер.

Маркетингийн бүтэц, төсөв, төлөвлөгөө өөрчлөгдөнө

Уламжлалт маркетингийнхан сурталчилгааны шторк, дизайн хийлгэх, телевизийн цацалтын гэрээ хийх, цацуулах, араас нь мониторинг хийх, самбар өлгүүлэх, хямдрал, урамшууллаа сурталчлах, сурталчилгааны материал хэвлүүлэх, тараах зэрэгт ихэнх цагийг зарцуулдаг. Том компаний багт пи-ар мэргэжилтэн, судалгаа хариуцсан ажилтан, дизайнер, сошиал медиа менежер, брэнд менежер, копирайтер гээд тус тусын нарийн үүрэг роль, функц бүхий хүмүүс ажиллах нь элбэг. Мэдээллийн технологийн багаасаа бас ажил нь хамаарах нь элбэг. Вэбдээ шинэ мэдээлэл оруулах, шинэчлэх, хайлтын системийн оновчлол хийх, хямдрал, урамшууллаа удирдах зэрэгт мэдээллийн технологийнхон ч бас оролцох нь элбэг.

Харин өнөөдөр технологийн хөгжил дэвшил, үүлэн тооцоололд суурилсан маркетингийн програм хангамжуудын ач тусаар маркетерууд маш олон ажлыг бие даан хийх боломжтой болж байна. Судалгаагаа SurveyMonkey ашиглаад хийчихэж болно. Сошиал медиа контент, сурталчилгаагаа өөрөө хийчихнэ. Сошиал сувгуудаа Hootsuite, Buffer, Agorapulse ашиглаад удирдаж болно. Контент бүтээхээд ч хямд хялбар болсон, хэр баргийн дизайныг өөрөө хийчих боломжтой. Canva үүний нэг тод жишээ мөн. Маркетерууд анимейшн видео хийхэд хүртэл тийм ч төвөггүй болсон. Powtoon хэмээх програмын уриа нь "хэн ч анимейшн хийж чадна" ажээ. Инфографик infogr.am ашиглан бүтээж болно. Мэдээ, нийтлэл бичээд вэбдээ байршуулах, хайлтын системд оновчлох, түгээхэд ч тийм төвөгтэй бус, Wordpress, HubSpot гэх мэт вэбээ хялбар хөгжүүлэх, удирдах шийдлүүд олон болсон. Mailchimp ашиглан и-мэйл маркетинг, zoom.us ашиглан вебинар хийхэд болохгүй зүйл огт үгүй. Уралдаан тэмцээн, урамшууллаа Woobox ашиглан хийж болно. Үр дүнг нь Фэйсбүүк Live ашиглаад нэвтрүүлэхэд төвөгтэй зүйлгүй.

Иймд 2017 онд ихэнх ажлыг бие даан хийчихдэг маркетерууд ажиллах бүтэц рүү шилжин илүү цөөн хүнтэй багаар хурдтай ажиллах хэлбэрт шилжих хандлагатай байна. HubSpot гэх мэт дижитал маркетингаа нэг дороос хийдэг програм хангамжууд түгээмэл ашиглах болсон нь тэдний үндсэн багаж хэрэгсэл болно. Маркетингийн програм хангамжууд ихэвчлэн үнэгүй болон туршилтын хувилбаруудтай байдгаас гадна хэрэгцээндээ тааруулан хямд үнэтэй хувилбаруудыг ч сонгох боломжууд бий. Үнийн хувьд жишээ дурдвал:

  • Сошиал удирдах програмууд сарын $10-$40. Buffer, Hootsuite бол 3 хүртэл аккаунт удирдахад үнэгүй.
  • Canva-г ер нь үнэгүй ашиглаж болно. Би Canva at Work ашигладаг нь сарын $13 байдаг. Маш олон төрлийн маркетингийн контент, дизайн бүтээхэд ашиглаж болдог. Бид сошиал постууд, цахим ном, презентаци, инфографикт ашигладаг.
  • Анимейшн видео бүтээх програм сарын $20-$100 (бид саяхан powtoon.com-ийн бизнес хувилбарыг сарын $23-оор хямдралтай авсан)
  • Видео контент бүтээх wevideo.com гээд програмыг би өмнө ашиглаж байсан. Сарын $25-оос эхэлдэг.
  • Mailchimp 2,000 контакт хүртэл үнэгүй, үүнээс цаашаа бол $10-оос эхэлдэг
  • SurveyMonkey үнэгүй хувилбартай, үнэтэй нь сарын $26-аас эхэлдэг
  • Zoom үнэгүй хувилбартай. үнэтэй нь сарын $15-оос эхэлдэг.
  • Вэб аналитикт харин Google Analytics хангалтай сайн бөгөөд үнэгүй шийдэл.
  • Маркетингийн автоматжуулалтын шийдлүүд харин илүү үнэтэй байдаг. Яагаад гэвэл ийм шийдлүүд дижитал маркетингаа нэг дороос цогцоор нь хийх боломжийг олгодог. Marketo жишээ нь сарын $1,000 хавьцаанаас эхэлдэг ба дунджаар $2,000-$5,000 хавьцаа гэж тооцож болно. Panasonic, Microsoft, Hyundai, Citrix гэх мэт том корпорациуд, ялангуяа B2B компаниуд Marketo ашигладаг. Pardot мөн сарын $1,000-оос эхэлдэг. Act-on сарын $600-оос эхэлнэ. Eloqua сарын $4,000-оос эхэлдэг, дээр нь хэрэглэхэд хэцүү шийдэл. HubSpot Basic сарын $200-оос эхэлдэг. Манай агентлагийн хэрэглэдэг Pro хувилбар сарын $800-оос эхэлдэг. Саяхнаас HubSpot Marketing Free гээд үнэгүй хувилбартай болсон тул туршаад үзэхэд алдах зүйлгүй. 

Танд маркетингийнхаа төлөвлөгөө гаргахад тань амжилт хүсье!

New Call-to-action

 

Сэдвүүд: Маркетинг, Төлөвлөгөө, Чиг хандлага

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренёр, гүйцэтгэх удирдлага, дижитал маркетер. BZP Digital&Inbound компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. М-Си-Эс, Алтай Холдинг, Скайтел группуудэд ажилласан туршлагатай гүйцэтгэх удирдлага. Executive Club of Mongolia үндэслэн байгуулагч гишүүн.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


Сошиал медиа маркетингийн үйлчилгээ

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


ЦАХИМ НОМ: Фэйсбүүкээр хэрэглэгчдийг хэрхэн татах вэ?

ЦАХИМ НОМ ТАТАХ

Олон уншсан


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд


ТЕМПЛЭЙТ


Сошиал медиа контентын төлөвлөгөө гаргах темплэйт татах