<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2015-08-04, унших хугацаа: ~4 минут

Фейсбүүк маркетинг хийхэд өөрийн өдөр бүр ашигладаг, үр өгөөжөө өгч буй арга техникүүдээсээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Хэзээ ч туршаад үзэхэд болох энгийн мөртлөө үр дүнгээ өгөх зөвлөмжүүд тул та оролдоод үзээрэй.

 

1. Хуудасныхаа лайкыг бүүст хийхээс илүүтэй контентоо бүүст хий

Фtйсбүүк хуудас нь олон лайктай байхад л сошиал медиа маркетинг амжилттай болчихно гэсэн эндүүрэл элбэг байдаг. 50,000 лайктай болчихоод үнэгүй зар сурталчилгаа хийнэ гэж боддог дарга, захирлууд ч байдаг. Гашуун үнэн гэвэл мөнгө төлөөгүй үед бидний хийсэн пост лайк хийсэн хүмүүсийн за ойролцоогоор таван хувьд нь л харагдах магадлалтай. Хуудасны лайк долоо хоногт 500-гаар өсч байгаа мөртлөө тавьсан сонирхолтой постууд таван лайкаас хэтрэхгүй байх нь элбэг.

Шийдэл нь Фэйсбүүкийн төсвийнхөө дийлэнхийг хүмүүст сонирхолтой, хэрэгтэй, сайн контентоо бүүст хийхэд зарцуул. Контент маркетинг илүү үр дүнтэй байхаас гадна хуудасны лайк ч дагаж нэмэгддэг. Дараа дараагийн постуудын органик харагдац бас сайжирна.

 

2. Зорилтот хэрэглэгчээ байнга онилж бай

Их мөнгөтэй, тэнэг эсвэл залхуу бол Монголд байгаа Фэйсбүүкт бүртгэлтэй хоёр сая орчим (2018 оны 1-р сарын байдлаар тоог шинэчлэв. Энэ тоонд давхар эсвэл хуурамч данстай хэрэглэгчид давхардаж тооцогдсон болно) хэрэглэгчид рүү чиглүүлээд мөнгө төлөөд зар сурталчилгаа хийгээд байж болно. Харин хөдөлмөрч бас ухаантай бол оруулж байгаа пост бүрийг сурталчлахдаа чухамд хэнд харуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хэд дахин бага мөнгөөр хэд дахин илүү үр дүнд хүрч болно.

Өөрийн хуудсыг лайк хийсэн хүмүүсийг өөрийн хэрэглэгч мэтээр сэтгэж болно. Харин шинээр лайк хийлгэмээр байгаа хүмүүсийг шинээр авахыг хүсч буй хэрэглэгч мэтээр сэтгэж болно. Зорилтот хүмүүсээ сонгохдоо өөрийн хуудсын лайк хийсэн хүмүүс, бас лайк хийгээгүй хүмүүс гэж ялган сонгож болдог. Лайк хийгээгүй нөхдөд анхаарал, сонирхлыг нь татсан контент харуулж болох бол харин лайк хийчихсэн хүмүүст бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ илүү нарийн ширийнийг таниулсан контент харуулж болох.

 

3. Custom audience буюу өөрийн зорилтот бүлгүүдийг үүсгэн ашиглаж бай.

Харилцагчдын бүртгэл сайтай бол утасны дугаар эсвэл и-мэйл хаягаар нь үүсгэж болно. Хэрхэн гэдгийг 9911 дугаартай хэрэглэгчийг Фейсбүүк дээр хэрхэн онилох вэ? нийтлэлээс уншаарай. Танайхаас өмнө юм худалдан авч байсан бол дахиж авах магадлал өндөр шүү дээ. Хүмүүсийн бараг талаас илүү нь гар утасны бодит дугаараа Фейсбүүкт оруулсан байдаг. И-мэйл бол мэдээж бүр илүү үр дүнтэй.

Хуудас лайк хийсэн хүмүүстэй төстэй зан төлөвтэй хүмүүсийг бас олж custom audience үүсгэж ашиглаарай. Бүгд утасны дугаараа Фэйсбүүк дээр оруулдаггүй тул ижил төстэй сонирхол, зан төлвөөр нь ийм хүмүүсийг олж болно. 

Вэб сайт болон пэйж хуудасны хандалтуудаар мөн зорилтот бүлгүүд үүсгэх боломжтой. Хэрхэн гэдгийг Яагаад дахин чиглүүлэх маркетинг заавал хийх хэрэгтэй вэ?Фэйсбүүкийн пэйж хуудсанд идэвхтэй байсан хүмүүсийг хэрхэн олох вэ? нийтлэлүүдээс танилцаарай.

Өөрийн видеонуудыг үзсэн хүмүүсийг фэйсбүүкийн чиглүүлэлтэй хослуулан ашиглаж болно. Хэрхэн гэдгийг Фэйсбүүкийн видео үзэгчдийг хэрхэн дахин чиглүүлэх вэ? нийтлэлээс танилцана уу.

 

4. Фэйсбүүкийн нарийвчлан чиглүүлэх хийх боломжуудыг ашигла.

Фейсбүүк нас хүйс, и-мэйл, утасны дугаар, вэб болон пэйж хуудасны хандалтаар зорилтот хэрэглэгчийг олохоос гадна өөр олон боломжууд байдаг. Төрсөн өдөр нь болох гэж буй хүмүүсийг чиглэх тухай бичиж байсныг (Төрсөн өдрийн эздийг Фэйсбүүк дээр хэрхэн онилох вэ?) минь уншаарай.  

Фейсбүүк хүмүүсийн төрсөн өдөр, сонирхлоос гадна гар утасны загвар, газар зүйн байршлыг маш сайн мэддэг. Ойр ойрхон гадаадад аялдаг хүмүүсийг онилж онгоцны билетны урамшуулал санал болгож болно. Экспатуудыг гэсэн сонголт ч бас байдаг.

iPhone хуучин загварын утастай хүмүүс намар гарах шинэ загварыг сонгох магадлал өндөр тул гар утасны худалдаа эрхлэгч зар сурталчилгаагаа тэдэнд хүргэвэл тун үр дүнтэй байж чадна. Хэрэв Apple, Samsung брэндийн утасны хамгийн сүүлийн загваруудыг сонговол орлогын түвшнийн сегментчилэл ч хийчих боломж байж чадна.

Мобиком, Юнител гэх мэт олон лайктай албан ёсны гэдгээ баталгаажуулчихсан хуудсууд сонирхлын чиглүүлэлтэд сонголт болоод орчихсон байдаг. Өөрөөр хэлбэл Мобикомд дуртай хүмүүс гэж чиглүүлж болно гэсэн үг. Монголд ашиглахад ач холбогдол нь харьцангуй бага харин Солонгос байгаа Монголын томоохон хуудсуудыг сонирхдог хүмүүс гэж чиглүүлбэл Монгол иргэдийг олох магадлал боломжийн өндөр.

Бид Сошиал медиа маркетингийн сургалтынхаа зар сурталчилгааг Фэйсбүүк админууд руу чиглүүлж хийдэг. Гэхдээ энэ нь ганцаараа хангалтгүй тул бизнес сонирхдог хүмүүс, маркетинг сонирхдог хүмүүс гэх мэт өөр бас сонголтуудыг ашигладаг.

Гэхдээ нарийвчлан онилох, өргөн хүрээгээр онилох хоёр аль аль нь тухайн нөхцөл байдлаас хамааран хэрэгтэй байдаг. Жишээ нь манай бүтээгдэхүүн масс руу чиглэж байвал харьцангуй өргөнөөр онилохгүй бол олигтой үр дүнд хүрэхгүй. Харин ниш рүү чиглэсэн бүтээгдэхүүнтэй үед сайн нарийвчлах нь илүү үр дүнтэй. Туршаад үзэхээр аяндаа мэдэгдэнэ.

 

5. Нөлөөллийн маркетинг хий.

Сошиал дээр заавал оддууд гэлтгүй жирийн хүмүүс нөлөөлөгч болсон байдаг. Танай тавьсан постуудыг хамгийн түрүүнд бас байнга лайк хийдэг хүмүүс байгааг та анзаарч байсан уу? Тэд таны өмнөөс маркетинг хийх эванжелистууд болон хөгжиж байгаа гэсэн үг. Хэрэглэгч нар таны өмнөөс маркетинг хийгээд өгдөг бол үнэхээр сайн шүү дээ. 

Фейсбүүк дээр үүнийг энгийнээр хийх нэг арга бол сайн контентыг өөрийн хуудсыг лайк хийсэн хүмүүс рүү бас тэдний найзууд руу эхлээд бүүст хийчих. Тодорхой хугацааны дараа олон лайк, эерэг сэтгэгдлүүдтэй (comments) болоод ирнэ.

Одоо харин Ads Manager дээрээс сурталчилгаа үүсгэнэ. Зорилтот бүлгээ сонгохдоо хуудсаа лайк хийсэн хүмүүсийг хасах хэрэгтэй. Яагаад гэвэл тэднийг чиглэсэн сурталчилгаа аль хэдийн хийгдэж байгаа тул дахин харуулах хэрэггүй. Юуг сурталчлах вэ гэдгийг сонгохдоо Use existing post сонголтыг хийх ба пэйж, пост хоёроо сонгож идэвхжүүлнэ.

Манай хуудсыг лайк хийгээгүй энэ хүмүүс уг контентыг харахад олон хүмүүст таалагдсан бас олон эерэг эерэг сэтгэгдлүүдтэй тул дарж үзэх, нарийвчлан харах сонирхол төрнө. Жирийн хүмүүсийн бичсэн эерэг сэтгэгдлүүд ямар ч оддоос дутуугүй нөлөөлдөг. Энэ аргыг хэрэглэх үед сайн контентууд хуудасны лайкыг ч бас өсгөдөг. 

 

Та сошиал медиа маркетингийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийг зорьж байна уу?

Сурч хөгжих арга замууд олон. Гол нь өдөр бүр хийх, шинэ зүйлүүдийг хийж турших, суралцах хэрэгтэй. Бид сошиал медиа маркетингийн сэдвээр олон нийтлэлүүд бичдэг. Орж уншиж, ажилдаа туршиж үзэж байгаарай. 

Манай агентлагийн сошиал медиа маркетингийн нэг өдрийн эрчимжүүлсэн сургалтуудад хамрагдан туршлагатай багш нараар заалгах нь дөт зам болж бас чадна. Танд амжилт хүсье! 

New call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг

Цахим ном


Click me

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд