<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2016-03-15, унших хугацаа: ~3 минут

Одоогоос хорин жилийн өмнө 1996 онд Билл Гэйтс “контент бол хаан” гэж маш үнэн үг хэлжээ. Харин өнөөдөр зөвхөн гайхалтай сайн контенттой байх нь дангаараа хангалтгүй. Тухайн контентыг хэнд, хэзээ, ямар сувгаар, ямар хэлбэрээр хүргэнэ гэдэг нь мөн л адилхан чухал. Маш сайн контент цаг зав, ухаан бодол, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулан бүтээчихээд зорилтот сегментийн хэрэглэгчиддээ хүргэхдээ дутмаг бол Ганнам стайл зөвхөн Солонгост л алдаршихтай адил. Өнөөдөр вэб хуудас, блог, сошиал медиа сайтууд, и-мэйл зэрэг маш олон онлайн сувгуудаар контентоо хүмүүст хүрэх боломжтой болсон.

Өнгөрсөн жилүүдэд бид фэйсбүүк хуудасныхаа лайкын тоог өсгөх, төрөл бүрийн контент бүтээхэд суралцаж хөгжих үе байлаа. Харамсалтай нь бид чухам хэнд зориулж ямар зорилготой контент бүтээгээд байгаа тухайгаа хангалттай бодоогүй. Сошиал ертөнцөд одоо хэдэн мянган хүн байгаа юм чинь гээд зүгээр нэг контент хийчихээд олон хүнд хүрнэ гэж хүлээвэл хол явахгүй л болов уу. Хором бүрт сошиал ертөнцөд хэдэн арван мянган контентууд урсаж байгаа. Энэ бүгдээс ялгарч гарж чадахгүй л бол бусад шигээ яваандаа мартагдах л болно.  

Орчин үед контент маркетинг үр дүнтэй хийхдээ хэрэглэгчдийн түгээмэл зан төлвөөр зохиомол дүр болох персона хөгжүүлэн уг персонад зориулан зорилготой контентыг бүтээхийг зөвлөдөг. Өөрөөр хэлбэл персона гэдэг бол та өөрийн зорилтот хэрэглэгчээ тодорхойлон түүний зохиомол дүрийг бүтээсэн зураглал гэж хэлж болно.

Юуны өмнө манай байгууллага байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага гэж төсөөлье. Бид өөрийн персонаг дараах байдлаар тодорхойлжээ.

Эзэгтэй Энхмаагийн персонаПерсона: Эзэгтэй Энхмаа 

10 хүртэл насны 2 хүүхэдтэй, 28-35 настай. Гэр бүлийнхээ эрүүл мэндэд маш их анхаардаг тул агаарын бохирдол багатай хотын урд хэсэгт амьдардаг. 
Өрхийн сарын орлого 3-аас 5 сая төгрөг. Өдөр бүр дор хаяж 30 минут сошиал медиад зарцуулж төрөл бүрийн зөвлөгөө, зөвлөмж уншиж бусадтай хуваалцаж, найзуудынхаа сэтгэгдлүүдийг уншдаг. Гадаадад сурч, амьдарч байсан. 
Түгээмэл тулгардаг асуудлууд: хүүхдүүд нь ханиад хүрэмтгий, хоолондоо дургүй. 

Шийдэл: Манай компаний байгалийн гаралтай дархлаа сайжруулах хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр хүүхдүүд нь ханиад, томууг эсэргүүцэх чадавхи нь сайжирна.

Зорилтот хэрэглэгчдийнхээ персонаг тодорхойлчихлоо. Одоо харин нэг зүйлийг мартаж болохгүй. Энэ нь худалдан авалтын замнал юм.

Худалдан авалтын замнал

Худалдан авалтын замнал гэдгийг энгийнээр тайлбарлавал: хүнд ямар нэгэн асуудал тулгарлаа гэж бодъё. Тэрхүү асуудлаа анзаарч чухам ямар асуудал болохыг тодорхойлж улмаар шийдэх арга зам, шийдлүүдийг хайж эхлэдэг. Үүний дараа нь тэрхүү шийдлүүдээс сонголтоо хийх шийдвэрийн гарцыг олдог. Энэ бол худалдан авалтын замнал юм.

Тэгэхээр эзэгтэй Энхмаа хүүхдүүдээ ойр ойрхон ханиад хүрээд буйг асуудал хэмээн анзаарна. Үүний дараа яг ямар асуудал гэдгийг тодорхойлсноор асуудлаа хэрэгсэн шийдлүүдийг хайх шатанд орно. Энхмаа хүүхдүүд нь дархлаа султай тул ханиад амархан хүрээд байгааг олж мэдсэн тул дархлаа сайжруулах аргуудыг судлаж эхэлнэ. Эрүүл агаарт тогтмол гаргах, жимс ногоо хүнсэндээ хэрэглэх, биеийн тамир спортоор хичээллүүлэх, хүнсний нэмэлт витамин зохистой хэрэглэх зэрэг олон төрлийн шийдлүүдийг олж мэдэв. Эцэст нь Энхмаа хүүхдүүдээ эрүүл агаарт гаргахдаа Скай Резорт, Зайсангийн ам, Тэрэлж зэрэг газруудаар алинд хүүхдүүдээ агаарт гаргангаа цана, чаргаар гулгуулахад илүү тохиромжтой вэ, үйлчилгээ нь хэр сайн, үнэ ханш нь гээд судалж эхэлнэ. Бас хажуугаар нь дархлаа сайжруулах жимс, ногоо, хүнсний нэмэлтүүдийг аль сайн, аль чанартай, органик, органик, генийн өөрчлөлт орсон эсэх, үнэ ханш нь гэдгийг мөн харьцуулна. 

Бидний хамгийн түгээмэл гаргадаг нэгэн алдаа бол бид бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, контент, маркетингийн мессежүүдийг л хүмүүст хүргэхэд түлхүү анхаардагт оршино. Энэ нь илүү бүтээгдэхүүн төвтэй маркетинг, харин бид хэрэглэгчиддээ асуудлаа олж хараад дараа нь өөрт нь илүү зөв шийдлүүдийг олоход туслах контентуудыг бүтээн хүргэснээр бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгуулан илүү борлуулалт хийх боломжтой.

Персонадаа зориулан контент бүтээх

Бид контентын стратеги гарган төлөвлөхдөө өөрийн зорилтот хэрэглэгч болох Эзэгтэй Энхмааг маш сайн тодорхойлон Энхмаад асуудлыг нь хэрхэн хэрэгсүүлэх, шийдлүүдийг хэрхэн ойлгуулах, яагаад манай бүтээгдэхүүн уг шийдлийг авчрах зөв шийдэл болохыг танилцуулахад гол нь анхаарна гэсэн үг. Бас Энхмаа ямар үг хэллэг хэрэглэдэг, хэзээ хаанаас мэдээлэл авдаг, ямар форматтай контент илүү таалагддаг зэрэг ч бас чухал.
Асуудлыг ойлгуулах контентын жишээ:

  • Амархан ханиад хүрээд байгаагийн 10 шалтгаан (блог нийтлэл)
  • Бага насны хүүхэдтэй эхчүүд заавал унших бяцхан ном (цахим ном)
  • Ханиад, томууны дэгдэлтийн тухай инфографик

Асуудлаа хэрэгсээд шийдэл хайх шатны контент:

  • Яагаад дархлаагаа сайжруулах нь ханиадны эсрэг хамгийн зөв арга вэ? (блог нийтлэл)
  • Ханиад, томуунаас сэргийлэх хамгийн энгийн 12 зөвлөмж (инфографик)
  • Бага насны хүүхдийн дархлааг хэрхэн сайжруулах вэ? (видео)

Шийдвэр гаргалтын шатны контент:

  • Манай бүтээгдэхүүн хэрхэн дархлаа сайжруулдаг вэ?
  • Манай хэрэглэгчид ярьж байна (видео)
  • Манай витамины танилцуулга

Персона болон худалдан авагчийн замналын аргачлалуудыг контент маркетингдаа ашигласнаар манай зорилтот хэрэглэгч өөрийн хүсэл сонирхлоор бидний зорилготойтойгоор хөгжүүлсэн контентуудыг үзэж харж, уншиж танилцана гэсэн үг. Ханиад хүрээд байгаагийн шалтгааны тухай нийтлэл фэйсбүүк дээрээс харснаар манай вэб хуудсанд анх хандсан Энхмаа нэг л мэдэхэд яагаад манай бүтээгдэхүүн өөрт нь болон хүүхдүүд нь хэрэгтэй, ач тустай болохыг ойлгочихсон худалдан авалтанд бэлтгэгдсэн байх жишээтэй.

Персона болон худалдан авагчийн замнал нь контент маркетингийн хамтаар инбаунд маркетингийн гол суурь нь болдог. Инбаунд маркетингийн аргачлалтай дараахь хуудсаар зочлон танилцаарай.

 

Инбаунд маркетингийн аргачлал 

ИНБАУНД АРГАЧЛАЛ...

 

Сэдэв: Инбаунд маркетинг, Дижитал маркетинг, Контент маркетинг, Персона

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд