Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2016-05-11, унших хугацаа: ~5 минут

Ухаалаг технологи, интернэтийн энэ эрин үед дижитал технологи, сувгуудыг маркетингд улам өргөн хүрээгээр хэрэглэгдэх болсон билээ. Харин үүнтэй холбоотой зарим нэгэн төөрөгдлүүд хүмүүсийн дунд түгээмэл байсаар л. 

1. Сошиал байхад вэбээр яахав 

Сошиал медиа сүүлийн жилүүдэд маркетингийн сувгийн хувьд маш хурдтай хөгжиж хэрэглэгчиддээ хүрэх шинэ, сонирхолтой боломжуудыг маркетеруудад бараг л өдөр бүр санал болгож байна. Сүүлийн үед фэйсбүүк дээр хөдөлгөөнт зургаар маркетинг хийх, canvas сурталчилгаан дээр жишээ нь маркетерууд тун бүтээлчээр ажиллаж буйг анзаарахад төвөггүй. 

Харин вэб хуудсын хувьд маркетеруудын хувьд мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс харьцангуй хамаарал өндөртэйгээс хамааран шинэ бүтээлч зүйлсийг турших, хурдтай хөгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Үр дүнд нь вэб хуудсууд 2, 3 жилдээ нэг шинэчлэгддэг, хааяа нэг нийгмийн хариуцлагынхаа дагуу мод тарьсан тухай мэдээ, шинэ жилийн хямдрал зарласан тухай баннер нэмдэг, өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд сонирхолтой контентоор хомс суваг болох нь элбэг. Энэ нь маш олон хүмүүс зөвхөн сошиал сувгуудаа л өдөр бүр анхаарч хөгжүүлэх, вэб хуудсаа бараг хаях, бүр зарим нь бүр хэрэггүй ч гэж үзэхэд хүргэх нь түгээмэл байдаг.

Гэтэл дижитал ертөнцөд вэб хуудас бидний хамгийн гол цөм хэсэг нь буюу "гэр орон" маань болж байдаг. Сошиал медиа хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, контентыг хэрэглэгчдэд цаг тухайд нь хурдтай хүргэж харилцаа үүсгэж чаддаг бол бид вэб хуудсаараа л хамгийн эмх цэгцтэй, бүрэн дүүрэн мэдээллүүдийг хэрэглэгчиддээ хүргэж чаддаг. Ямар өнгө үс, хэлбэр хэмжээтэй байхыг нь ч бид бүрэн удирдаж чадна. Харин хэрхэн вэб хуудсаа сонирхолтой, байнгын хандалттай болгох вэ? Тэргүүн туршлагуудаас дурдвал:

  • Тухайн хуудасны агуулгатай танилцсан хүнд дараагийн үйлдлийг зааж өгсөн Call-to-Action (CTA) холбоосуудыг үүсгэх. Жишээ нь: фэйсбүүк маркетингийн зөвлөмж нийтлэлийн дотор бусад нийтлэлүүд рүү заасан холбоосууд, нийтлэлийн төгсгөлд цахим ном татаж авах баннер байршуулах г.м.
  • Сошиал медиа сувгуудаар вэб хуудасныхаа контентуудыг түгээх. Линк пост хийх төдийгүй вэб хандалт өсгөх сурталчилгаа хийснээр сошиалаа идэвхжүүлэх төдийгүй вэбийн хандалтаа өсгөж болно. Фэйсбүүк дээр зурган пост хийгээд тайлбар дотор холбоосоо оруулах нь хандалтын тоог эрс багасгадаг тул линк пост хийх нь үр дүнтэй.
  •  Хайлтын системийн оновчлол (SEO) хийх. Хүмүүс Google болон бусад хайлтын системээр хэрэгтэй мэдээллээ хайдаг хэвээр тул үр дүнд дээгүүр эрэмбэлэгдэх нь чухал хэвээр. Хайлтаар гарч ирэхийн тулд вэб хуудсаа зорилтот хэрэглэгчиддээ хэрэгтэй контентоор баялаг байлгах, бизнестээ чухал түлхүүр үгнүүдээрээ оновчлоорой.  

 

2. Хайлтын системийн оновчлолыг инженерүүд л хийдэг

Урьд цагт хайлтын системийн эрэмбэлэх алгоритмыг "малладаг" линк ферм, түлхүүр үгээр дүүргэх гэх мэт технологи төвтэй аргууд болдог байсан бол 2011, 2012 онуудад гаргасан Google компаний хулсны баавгай, оцон шувуу хэмээх алгоритмуудын өөрчлөлтийн үр дүнд иймэрхүү "хар" аргууд үр дүнгүй болсон. Ийм аргууд хэрэглээд баригдвал Google эрэмбэ бууруулан шийтгэх эрсдэлтэй.

Харин одоо үед контентын оновчлолд суурилсан аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй бөгөөд маркетерууд өөрсдөө хийх бүрэн боломжтой:

  • Өөрийн персона хэрэглэх түлхүүр үгсийг тодорхойлох.
  • Урт сүүлт түлхүүр үгээр оновчлох. Аяллын гутал зардаг дэлгүүр "гутал" гэдэг өргөн хүрээний түлхүүр үг бус "аяллын гутал гэсэн" урт сүүлт түлхүүр үгэнд илүү ач холбогдол өгөх нь зүйтэй.
  • Хайлтын системээс түлхүүр үгийн санаа авах. Түлхүүр үгээ хайлтын системийн цонхонд бичээд үзээрэй. Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг түлхүүр үгнүүдийн хувилбаруудыг гараад ирнэ.
  • Контент, мета таг, зураг, холбоосуудыг түлхүүр үгээр оновчлох.
  • Контентыг сошиал, и-мэйл зэрэг сувгуудаар түгээснээр хандалтаа өсгөх.
  • Дотоод, гадаад, инбаунд холбоосууд хөгжүүлэх.

 

3. И-мэйл маркетинг бол спам и-мэйл

Монголын и-мэйл маркетингийн үйлчилгээ явуулдаг ихэнх компаниуд хэдэн зуун мянган хүмүүст хүсээгүй и-мэйлийг спамдаж илгээх үйлчилгээ үзүүлдэг. Энэ сонгодог утгаараа и-мэйл маркетинг биш спам маркетинг юм. Хүмүүс спам и-мэйлийг устгаж, спам гэж тэмдэглэж сурч байгаа тул үр дүн нь өдөр тутам буурч байгаа. Харин хэрхэн үр дүнтэй и-мэйл маркетинг хийх вэ? Дараахь тэргүүн туршлагуудаас туршаад үзээрэй:

  • И-мэйл маркетингийн програм хангамж ашиглах. Бид HubSpot ашиглаж и-мэйл маркетинг хийдэг ба бүртгэлтэй контактуудаа сегментчилж и-мэйл хүлээж авч буй хүнд хэрэгтэй, үнэ цэнэтэй мэдээллийг л хүргэхийг зорьдог. И-мэйл анхлан хэрэглэх гэж буй бол MailChimp туршаад үзэхийг зөвлөж байна. 2,000 хүртэл контакттай бол үнэгүй хэрэглэж болох сайхан боломж бий.
  • Зорилгоо тодорхойлсноор сегментчлэх. Яг яах гэж и-мэйл явуулж буйгаа тодорхойлоорой. Үүний дараа контактуудаас яг хэн хэнд явуулахаа тодорхойлон сегмент үүсгэн чиглүүлснээр и-мэйлийг хэрэг болгон нээж унших, холбоосуудаар зочлох хүмүүсийн үр дүн дээшлэнэ. 
  • Хүлээн авагчид тохируулах. Хүлээн авагчтай холбоотой мэдээлүүдийг и-мэйлд оруулах, агуулгыг ухаалаг болгох нь уг и-мэйлийг хүлээн авагчид илүү хэрэгтэй, сонирхолтой болгож чадна. Хамгийн энгийн жишээ гэвэл нэг и-мэйл маань барилгын компаний захиралд очихдоо "Сайн байна уу Батзориг захирал аа? Бид танай барилга, үл хөдлөхийн салбарын..." гэж очих бол аялал жуулчлалын салбарын менежерт "Сайн байна уу? Бид танай аялал жуулчлалын салбарын..." гэж очихоор тохируулах боломжтой байдаг. 

 

4. Байгууллагад чиглэсэн бизнесүүдэд сошиал медиа хэрэггүй

Намайг анх компанийхаа фэйсбүүк хуудсыг нээх үед "танайх шиг байгууллагад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй компанид фэйсбүүк хуудас хэрэг байна уу", "фэйсбүүк дээр хүүхэд, залуучууд л байдаг шүү дээ", "захирлууд фэйсбүүк үздэггүй юм" гэсэн зөвлөгөөг таньж мэдэх хүмүүс өгч байсан. Одоо вэб хандалтын шинжилгээ хийж үзэхэд манай вэб хандалтын 70-80 хувь нь фэйсбүүкээс дангаар орж ирдэг ба нийт харилцагчдын 60% нь фэйсбүүкээс анх орж ирсэн байдаг.

Улаанбаатар хотод фэйсбүүкт бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 1.2 сая болсон нь ямар л бол ямар сегментийн хэрэглэгчид уг суваг дээр байгааг илтгэж байна. Иймд хуулийн, хөрөнгө оруулалтын фирмтэй байсан ч фэйсбүүк дээр байрших нь үр дүнтэй байж болно гэсэн үг. Харин эсрэгээрээ өсвөр насныхан фэйсбүүкээс илүүтэйгээр instagram, snapchat зэрэг сошиал платформуудыг ашиглах хандлага бий.

 

5. Дижитал маркетинг маш төвөгтэй тул програмистууд л хийж чадна

Дижитал ертөнцөд маркетинг хийхэд технологи ашиглах ур чадвар яах аргагүй хэрэгтэй. Гэхдээ мэдээллийн технологийн инженерийн, програмистын ур чадвар шаардлагагүй. Хамгийн гол нь технологийн хүмүүсийн бүтээсэн гайхалтай програм хангамжуудыг ашиглаж сурахад оршино. Өнөөдөр манай агентлагт ажилладаг бизнесийн удирдлага, маркетингийн мэргэжилтэй залуус Facebook Ads Manager,  Google Analytics, Google Adwords, HubSpot, Mailchimp, DataboxHootsuite, Canva, WordPress, Slack, HotJar, Chatfuel, Google Search Console, Shopify гэх мэт маш олон төрлийн програмуудыг маркетинг, борлуулалтад үр дүнтэй ашиглаж байна. Та ч гэсэн туршаад үзээрэй.

Хэрэв та дижитал маркетингийн ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй бол манай байгууллагын зохион байгуулдаг дижитал маркетингийн сургалтанд хамрагдаарай. Сошиал медиа маркетингийн сургалтуудын төгсөгчид энд дарж 50% хөнгөлөлттэй бүртгүүлэх боломжтой.

30% хямдралтай бүртгүүлэх

 

Сэдэв: Дижитал маркетинг

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд