<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">
Batzorig Begzsuren

Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Нийтэлсэн: 2017-11-26, унших хугацаа: ~9 минут

Жил бүрийн эцэст ирэх жилийн дижитал маркетингийн чиг хандлагууд юу байж болох талаар өөрийн таамаглалыг дэвшүүлдэг уламжлалынхаа дагуу энэ нийтлэлийг бичлээ.

Эхлээд өнгөрсөн жилд бичсэн 2017 оны маркетингийн чиг хандлагууд хэмээх нийтлэлээ эргээд нэг хараад дүгнэе:

  • Богино видео контентууд болон Facebook Live нэвтрүүлгүүд бидний төсөөлснөөс ч илүү амжилттай байсан гэхэд буруудахгүй.
  • Аугментед (AR) болон виртуал реалити (VR) хэлбэрийн контентууд илүү өргөн дэлгэр ашиглах болсон. Жишээ нь: Ривер Гарден хотхоны орон сууцны 360 виртуал шоурүүм.
  • Байгууллагууд мессенжертээ чатбот хөгжүүлэн нэвтрүүлж байна.
  • Нөлөөлөгчдийг маркетингт улам л сонирхолтой хэлбэрүүдээр үр дүнтэй ашиглаж байгааг Монгол мацагтан, Molpedia зэрэг жишээнүүдээс харж болно.
  • Фэйсбүүк компаний борлуулалт жилд 47 хувийн өсөлттэй байгаа нь сурталчилгаа нь үр дүнтэй байгааг илтгэж байна. Маркетингийн автоматжуулалтын шийдлүүд Фэйсбүүкийн сурталчилгааны платформуудтай интеграциа улам өргөжүүлж байна.
  • 2017 онд компаниуд уламжлалт маркетерууд дижитал, сошиалд ижил үр дүнтэйгээр ажиллах нь ховор тул дижитал маркетер, сошиал медиа маркетер, контент менежер гэх мэт ажлын байруудыг бий болгох эсвэл аутсорсинг хийх зэрэг сонголтуудыг хийж байна. Бидний ажигласнаар шинэ мянганы маркетерууд дижиталд илүү чадварлаг, хурдтай хөгжиж байна. Иймд телевиз, самбар, сонин, сэтгүүл зэрэг масс медиа маркетингаар мэргэшсэн маркетеруудыг дижиталд оруулах бус харин шинэ маркетеруудыг анхнаас нь мэргэшүүлэн сургаж, хөгжүүлэх нь илүү үр дүнтэй.

Одоо харин 2018 онд ямар чиг хандлагууд байх тухай хүлээлтээ хуваалцъя.

1. Хиймэл оюун маркетингийн бодит хэрэглээ

2017 онд Монголд олон компаниуд фэйсбүүк мессенжерийн чатботтой болцгоосон нь зөвхөн эхлэл байлаа. Ихэнх нь хүний хагас дутуу зааж өгсний дагуу л хариу өгдөг тул оюунлаг гэхээс илүүтэй "тэнэгдүү". Эсвэл хэт залхуутай, хүмүүсийн толгой эргүүлсэн талдаа.

Ирэх онд ботууд илүү оюунлаг болж хөгжиж хэрэглэгчид ч илүү таашаан хүлээж авах, харилцаж сурах төлөвтэй. Хүний чаддаггүй зүйлсийг ботууддаа сургах нь маш чухал. Мэдээллийн систем, өгөгдлүүдтэй (ялангуяа CRM системийн) холбож өгснөөр ботууд илүү ухаалаг болж чадна.

Өгөгдлийн шинжлэх, дүгнэлт гаргахдаа машин биднээс илүү. Жишээ нь худалдан авалт хийсэн хүмүүсийн дунд буй түгээмэл шинжүүдийг олж тодорхойлох, тэдэнтэй төстэй хэрэглэгчдийг олж тогтоох, тухайн хүнд хэзээ и-мэйл илгээвэл нээж унших магадлал өндөр байх, олон хувилбараар тестлэх зэргийг машин биднээс илүү хийж чадна.

Илүү оюунлаг болох тусам бид ботдоо Сири, Алекса гэх маягаар нэр өгөх, багийн нэгэн гишүүн мэтээр харж эхэлнэ. Өгөгдөл, алгоритмууд сайжрахын хэрээр ботууд өөрсдөө суралцах Бид маркетингийн стратеги, тактикийн шийдвэр гаргалтуудаа ботынхоо тусламжтайгаар илүү сайн гаргадаг болоход тун ойртож байна.

2. Инженергүйгээр илүү ихийг хийж чаддаг болно

Вэб хуудас хөгжүүлэх, вэб хуудсаа хайлтын системд оновчлох, олон хүнд маркетингийн и-мэйл илгээх зэргийг өмнө нь мэдээллийн технологийн мундаг инженерүүдийн тусламжгүйгээр хийхэд хэцүү байсан бол одоо жирийн хүмүүс хийж чаддаг болжээ. HubSpot, WordPress, Wix зэрэг платформууд дээр вэб хийх тийм ч төвөгтэй биш.

Ирэх онд бид инженерүүдийн тусламжгүйгээр дараах зүйлсийг төвөггүй хийхэд суралцах нь:

  • Бот. Chatfuel, Motion AI, Botsify гэх мэт сурахад хялбар, үнэ хямд платформууд олноор бий болсон.
  • Онлайн дэлгүүр. Shopify гэх мэт онлайн худалдааны платформууд дээр дэлгүүр хийхэд хялбар болсон.
  • Интеграци. Маркетинг, борлуулалтын болон бусад шийдлүүдийг хооронд интеграци хийн ажиллуулахад улам л хялбар болж байна. Жишээ нь манай инбаунд маркетингийн Growth үйлчилгээнд бид вэб (WordPress), сошиал медиа (Facebook), сурталчилгаа (Facebook Ads), CRM (HubSpot CRM Free), борлуулалт (HubSpot Sales), и-мэйл маркетинг (MailChimp), вэб аналитик (Google Analytics), хайлтын (Google Search Console) зэрэг шийдлүүдийг HubSpot Marketing Free ашиглан код бичилгүйгээр интеграци хийдэг.
ХОЛБООТОЙ: Инбаунд маркетингийн GROWTH багцын үйлчилгээг бид хэрхэн үзүүлдэг вэ?

3. Өгөгдлийн шинжилгээ - бодит хэрэглээ

Бидний эргэн тойронд бүтэцтэй, бүтэцгүй төрөл бүрийн өгөгдөл байнга бий болж байдаг. Картаараа төлбөр хийх, фэйсбүүк дээр лайк дарах, интернэтээс юм хайх, утсаар ярих, лоялти карт авах, цахим ном татах, вэб хуудсанд орох гэх мэт үйлдэл бүрт шүү дээ. Эдгээр өгөгдлүүдийг бизнест үүн дотор дижитал маркетинг, борлуулалтад ашиглах үр өгөөжтэй.

Өгөгдлийн шинжилгээг маркетингт ашиглах зарим жишээнүүдээс дурдвал:

  • Mаркетингийн хяналтын самбар, тайлангууд.
  • Онлайн болон сошиал зар сурталчилгааны өгөөж.
  • Кампанит ажлууд, эх сурвалж болон контентын өгөөж.
  • Сэжмийн үнэлгээний таамаглал. Өгөгдлийн шинжилгээгээр сэжмүүдийн худалдан авалт хийх магадлалыг таамаглах аргачлал, програмууд бодит хэрэглээ болно. Жишээ нь манай CRM өөрт байгаа сэжмүүдийн өгөгдөлд шинжилгээ хийн ирэх 90 хоногт худалдан авалт хийх магадлалыг нь тооцож өгдөг.

Өгөгдлийн шинжилгээний шийдлүүд илүү хэрэглэхэд хялбар, хямд болж байгаа нь ч энэ чиг хандлагыг дэмжиж байна. Жишээ нь бид Databox ашиглан өөрийн маркетинг (HubSpot, MailChimp), CRM/борлуулалт (HubSpot CRM, Sales), сошиал медиа (Facebook, Linkedin, Twitter), зар сурталчилгаа (Facebook Ads, Google Adwords), вэб аналитикийн (Google Analytics) өгөгдлүүдийг татан хяналтын самбар, тайлан, шинжилгээ гаргаж байна.

4. Богино хугацаатай контент

Хүмүүс фотошопдсон, жүжиг тавилттай контентуудад улам бүр л дургүй болж байна. Ялангуяа сошиал дээр. Үүний нэг тод жишээ бол SnapChat, Instagram, Facebook, Messenger дээр залуус өргөн хэрэглэх болсон Story юм.

2017 онд Facbook Live нэвтрүүлгүүдийг маркетингт маш амжилттай хэрэглэсэн. Шууд нэвтрүүлгийг хадгалахгүй байх, хадгалсан ч удахгүй устгах нь контентоо үзүүлэх үр дүнтэй аргуудын тоонд орж байна. Амжихгүй хоцорчих вий хэмээх "айдас" хүмүүст байдаг нь энэ тактикыг үр дүнтэй болгодог.

2018 онд энэ чиг хандлага үргэлжлэх бөгөөд бид богино хугацаатай контентуудыг илүү сайн хийж сурцгаана гэдэгт итгэлтэй байна.

5. Фэйсбүүкийн ноёрхол, Инстаграмын өсөлт, Твиттерийн уналт, Линкединий сэргэлт

Фэйсбүүк ирэх онд бас л шинэ сонирхолтой зүйлсийг бидэнд танилцуулна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа виртуал реалити, хиймэл оюунд суурилсан байх болов уу.

Инстаграмын хэрэглэгчийн тооны өсөлт үргэлжилнэ гэж бодож байна. Шинэ мянганыханд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэдэг бизнесүүд энэ сувагт илүү анхаарах нь зөв. Ялангуяа Инстаграмын сториг маркетингт ашиглах нь тун үр өгөөжтэй байж болохоор. Фэйсбүүк, Инстаграмын аль алин дээр нь нөлөөлөгчийн маркетинг хийх нь улам л газар авна.

Линкединий шинэчлэлүүд хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр буй тул B2B маркетерууд 2018 онд уг платформыг улам л өргөн дэлгэр ашиглана.

Твиттер харин олигтой өөрчлөлт хийхгүй бол удаанаар мөхөл рүүгээ яваад байх шиг. Сурталчилгаа, шууд нэвтрүүлэг гээд бараг бүх л зүйл дээр Фэйсбүүкт ялагдаж байна даа.

6. Сошиал медиа ба CRM

CRM буюу харилцагчийн менежментийн системийг маркетингийн сувгуудтайгаа уялдуулах нь сэжим үүсгэх, сэжмийг арчлан улмаар худалдан авалтын шийдвэр гаргалтанд хөтлөх, дахин борлуулах, харилцагчаа халамжлах зэрэг олон давуу талуудтай.

Жишээ нь бид сошиал медиа маркетингийн сургалтанд хамрагдсан хүмүүст уг сургалтын мэдээллийг фэйсбүүк дээр харуулахаас бус харин дараагийн шатны сошиал медиа маркетинг II сургалтын мэдээллийг харуулах нь зөв. Бид CRM системээсээ эхний сургалтанд суусан мөртлөө дараагийн сургалтанд суугаагүй хүмүүсийг шүүн excel форматаар экспортлон гаргаад фэйсбүүкт оруулан зөвхөн тэднийг чиглүүлэн дараагийн сургалтандаа тал үнээр нь хамрагдахыг санал болгодог. Энэ нь хэдий үр дүнтэй ч гар ажиллагаа ордог байсан.

Фэйсбүүк болон CRM, маркетингийн автоматжуулалтын шийдлүүдийн интеграци сайжирснаар харин олон шинэ боломжууд бий болж байна:

  • Сэжим үүсгэх сурталчилгааг CRM системүүдтэй холбосноор фэйсбүүкийн форм бөглөсөн хэрэглэгчийн мэдээллийг автоматаар CRM-д бүртгэх (манай инбаунд маркетингийн FREE багцад үүнийг хийдэг),
  • CRM-д фэйсбүүкээс сэжим үүсэхэд маркетингийн програмаас автомат и-мэйлүүд илгээх (инбаунд маркетингийн PRO багцад үүнийг хийдэг),
  • Маркетингийн програмд үүсгэсэн тодорхой сегментийн хэрэглэгчдийн бүлгийг фэйсбүүкт синхрон олж сурталчилгаагаа чиглүүлэх (инбаунд маркетингийн PRO багцад үүнийг хийдэг),
  • Фэйсбүүкийн сурталчилгааны өгөөжийн борлуулалтын дүнгээр хэмжих.
  • Фэйсбүүк мессенжерийг CRM системтэй холбосноор ботууд, маркетерууд болон борлуулалтынханд цоо шинэ гайхалтай боломжууд бий болно.

ХОЛБООТОЙ: Боломжит хэрэглэгчдийн мэдээллийг бүртгэх аргууд

7. Дижитал контент маркетингийн автоматжуулалт

Дижитал контентыг түгээлтийг автоматжуулснаар тухайн боломжит хэрэглэгчид чиглэсэн, тохирсон, худалдан авалтад залж хөтөлсөн маркетинг орчин үед хийх хэрэгтэй болж байна. Хэрэглэгчдийг массаар нь харж маркетинг хийхийн үр өгөөж буурсаар байгаа төдийгүй хэрэглэгчид өөрсдийг нь хэн болохыг, чухам юу хүсэж буйг брэндүүд тодорхой хэмжээнд мэдэж байх хэрэгтэй гэсэн хүлээлттэй болжээ. 

Хэрэглэгчийн тодорхой үйлдлээс өдөөгдсөн маркетингийн автоматжуулалт үр дүнтэй. Харин тэднээр хэрхэн энэ үйлдлийг хийлгэх вэ? Үүний тулд дижитал контенттой байх хэрэгтэй. Жишээ нь:

  • Эрүүл хооллолтын тухай богино видеог Фэйсбүүк хуудсаараа түгээжээ. Энэ видеонд овъёос эрүүл хоол болох тухай дурдсан байна.
  • Уг видеог талаас нь дээш үзсэн хүмүүст 3 хоногийн дараа овъёосоор хийж болох нэгэн хоолны жортой өөрийн веб хуудсаараа зочлон танилцахыг сошиал сурталчилгаа хийн санал болгоно.
  • Жорыг уншиж дуусахад дор нь Овъёосоор хийж болох 10 хоолны цорын цахим номыг татахыг санал болгосон байна. Жоронд манай брэндийн овъёос харагдах боловч худалдан авахыг шууд санал болгохгүй.
  • Жор сонирхож буй хүн жорын ном татах магадлалтай тул и-мэйл хаягаа оруулан татаж авав. И-мэйлээр хүссэн үедээ татаж авч болох холбоосыг тэр дор нь илгээв. Хэрэв вэб хуудсан дээр татахгүй өнгөрвөл Фэйсбүүк дээр номоо татаж авахыг санал болгосон сурталчилгаа хийнэ.
  • Жорын ном татсанаас 7 хоногийн дараа манай овъёосны давуу талуудыг дурдсан, хаанаас худалдаж авч болохыг мэдээлсэн и-мэйл илгээх ба мөн ижил агуулгатай постеруудыг сошиал сурталчилгаар идэвхжүүлэн хүргэнэ.
  • 14 хоногийн дараа гурвалжин будаа яагаад бас эрүүл хоол болох тухай контент и-мэйлээр илгээх ба фэйсбүүкээр ч бас хүргэнэ гэх мэтээр үргэлжилнэ.

Эрүүл хооллохыг хүсэж буй сонирхол нь илэрхийлэгдсэн тул уг хэрэглэгчид ээлж дараатайгаар хүрэх маркетингийн уг контентууд үр дүнтэй, цагаа олсон байж чаддаг. 

ХОЛБООТОЙ: Сэжмийн арчилгаа, түүнийг хэрхэн хийх вэ?

Бид инбаунд маркетингийн үйлчилгээгээр дижитал контентын автоматжуулалтыг харилцагч байгууллагууддаа хүргэдэг.

New Call-to-action

8. Дахин чиглүүлэх маркетинг Монголд

Өдөр нь Бостон хотод буудал хайчихаад орой нь Фэйсбүүкт ороход миний анзаараагүй Бостоны зочид буудлын мэдээллүүд харуулдаг. Сонирхол нь хийж буй үйлдлээр нь тодорхойлогдсон хэрэглэгчдийг эргэн олж дараа, дараагийн маркетингийн мэдээлэл, контентуудыг харуулах боломжууд Google, Facebook зэрэг томоохон зар сурталчилгааны платформуудад бүгдэд нь бий. Дэлхий даяар маш түгээмэл хэрэглэдэг. 

Харин манай бизнесүүд бараг огт хэрэглэдэггүй тул бараг л уламжлалт маягаараа масс руу бүүст хийх хэлбэрээр хийгээд байдаг. 2018 онд сошиал сурталчилгааны үнийн өсөлт, органик хүрэлтийн уналт цаашид үргэлжлэх тул дахин чиглүүлэх маркетингийн аргуудыг илүү өргөнөөр ашиглах болов уу гэсэн хүлээлттэй байна. 2017 онд Фэйсбүүк дахин чиглүүлэлтийн хэд хэдэн гайхалтай боломжуудыг бидэнд нээж өгсөн нь 2018 онд ч үргэлжлэх болов уу. 

9. Дансанд суурилсан маркетинг

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар маркетингийн халуун сэдвүүдийн нэг болж буй Account Based Marketing (ABM) 2018 онд улам л хүчээ авах төлөвтэй. Байгууллагад чиглэсэн буюу B2B бизнесүүдийн хувьд боломжит худалдан авагчийн шийдвэрийг нэг хүн гаргадаггүй. Дунджаар 5-аас 6 хүн байгууллагын худалдан авалтын шийдвэр гаргалтанд оролцдог гэсэн судалгаа бий.

Дансанд суурилсан маркетинг нь тухайн данс буюу байгууллагын эдгээр хүмүүсийг чиглүүлсэн маркетинг хийх арга юм. Танай зорилтот сегментийн нэгэн байгууллага танай санал болгодог төрлийн үйлчилгээг хурлаараа авч хэлэлцэж байх үед уг хуралд сууж буй хүмүүсийн ихэнх нь танай тухай мэдлэг, мэдээлэл сайтай байх нь мэдээж танайд давуу тал өгнө. Энд хүн тус бүрт ижил мэдээлэл бус тохирсон мэдээлэл өгөх тухай юм. 

Инбаунд маркетинг нь боломжит хэрэглэгчдийг олноор татах, сэжмүүд үүсгэх, арчлах, борлуулалтанд бэлэн болж буй сэжмүүдийг олж тодорхойлон борлуулалтад өгөх байдлаар ажилладаг бол дансанд суурилсан маркетинг нь боломжит дансууд буюу байгууллагуудыг олж тодорхойлон тэднийг чиглэсэн маркетинг хийдэг. 2018 онд инбаунд болон дансанд суурилсан маркетинг хослуулан хийх, үүнд дижитал технологийн боломжуудыг өргөнөөр ашиглах төлөвтэй байна.

Дансанд суурилсан маркетинг нь борлуулалттай шууд уялдаатай байж үр дүнд хүрдэг. Маркетинг, борлуулалтыг хэрхэн уялдуулах вэ нийтлэлийг минь уншаарай.

10. Борлуулалтын автоматжуулалт 

Манайд харьцангуй цөөн тооны том компаниуд CRM системд суурилан борлуулалтын процессоо автоматжуулсан байдаг нь харьцангуй үнэтэй, нэвтрүүлэх болон хэрэглэхэд төвөгтэй байдагтай холбоотой. Харин үүлэн тооцоололд суурилсан харьцангуй хямд, хялбар шийдлүүд зах зээлд олноор гарч ирсэн нь олон бизнесүүдэд цоо шинэ боломжуудыг бий болгож байна. Мөн маркетингийн автоматжуулалтын шийдлүүд өргөн хэрэглэгдэх болсон нь CRM болон борлуулалтын шийдлүүдийн үр өгөөжийг улам өсгөж байгаа.

2018 онд Монголын олон бизнесүүд борлуулалтын процессоо автоматжуулах, маркетингтайгаа уялдуулах алхмуудыг хийнэ гэсэн хүлээлттэй байна. Жишээ функцүүдийг дурдвал:

  • Контактын удирдлага
  • Боломжит хэрэглэгчдийг олж тогтоох
  • Маркетингаас сэжмүүдийг мэдээлэлтэйгээр авах
  • Сэжмийн мэдээлэл баяжуулах
  • Уулзалт, дуудлага, тэмдэглэл хөтлөлт
  • Борлуулалтын и-мэйл, мессенжерийн автоматжуулалт
  • Борлуулалтын бичиг баримт, контентын автоматжуулалт
  • Хийх ажил, сануулгын удирдлага
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний удирдлага
  • Борлуулалтын хэлцлийн удирдлага
  • Сэжмийн үнэлгээ, хуваарилалт, үүрэг даалгаврын автоматжуулалт
  • Борлуулалтын явц, төлөв, тайлан
  • г.м.

Борлуулалтын автоматжуулалтыг инбаунд маркетингтай уялдуулан хийсэн кэйстэй танилцаарай: NCD Group инбаунд маркетинг, борлуулалтын автоматжуулалт амжилттай нэвтрүүллээ.

Энэ удаагийн нийтлэлээ ийнхүү өндөрлүүлээд 2018 онд маркетинг, борлуулалтаа амжилттай хийхийг хүсэн ерөөе!

Сэдэв: Инбаунд маркетинг, Сошиал медиа маркетинг, Дижитал маркетинг, CRM, Контент маркетинг, Маркетингийн автоматжуулалт, Борлуулалт, Хиймэл оюун, Чатбот, Дансанд суурилсан маркетинг, Trends

Цахим ном


Click me

Мессенжерээр татах:

 

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


 CRM НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд