<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=304433743577933&amp;ev=PageView&amp;noscript=1">
Uyanga Natsagdorj

Uyanga Natsagdorj

BZP Digital & Inbound агентлагийн маркетинг хариуцсан захирал. Инбаунд маркетинг, сошиал медиа, дижитал маркетинг, контент хөгжүүлэлтээр мэргэшсэн HubSpot Certified Trainer.

Нийтэлсэн: 2021-02-19, унших хугацаа: ~6 минут

Сүүлийн үед фэйсбүүкийн бодлого, алгоритм улам төгөлдөржихийн хэрээр сурталчилгаанд хийгддэг хяналт улам сайжирсаар байна. Үүнтэй холбоотой сурталчилгааг тойрсон асуудлууд бизнесийн байгууллагуудад ихээр тулгарах болжээ. Гэхдээ сурталчилгааны дүрэм маш энгийн бөгөөд бүгдэд нээлттэй байрладаг. Иймээс фэйсбүүк сувгийг ашиглан амжилттай маркетинг хийхийг хүсч байвал тухайн дүрэм, бодлогыг зөрчихгүй байвал алдаагүй сурталчилгаагаа хийх боломж бий. Та сурталчилгаа хийхдээ дараах 5 зүйлийг баримтлаарай.

1. Хориглосон бүтээгдэхүүнийг сурталчилж болохгүй

Фэйсбүүкт дараах төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлахыг хориглодог. Үүнд:

  • Хууль бус бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Тамхи ба түүнтэй холбоотой бүтээгдэхүүн
  • Мансууруулах бодис ба түүнтэй холбоотой ижил төстэй бүтээгдэхүүн
  • Хүчтэй үйлчилгээтэй хүнсний нэмэлт тэжээлүүд
  • Зэвсэг, сум эсвэл тэсрэх бодис, гар буу зэрэг ижил төрлийн бүтээгдэхүүн
  • Насанд хүрэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ. Жирэмслэлтээс хамгаалах бүтээгдэхүүнийг сурталчилж болно гэхдээ 18-аас дээш насны чиглүүлэх хэрэгтэй гэдэг.
  • Богино хугацааны зээл - 90 хоногоос бага хугацаатай зээлийн мэдээлэл бүхий сурталчилгаа
  • Богино хугацаанд мөнгө олох, угаахтай холбоотой ижил төрлийн мэдээлэл, сугалаа гэх мэт
  • Донор буюу эд эрхтэнтэй холбоотой зүйл

2. Хязгаарлагдмал бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахдаа болгоомжтой ханд

Сурталчилгаа хийхийг шууд хориглодоггүй ч тодорхой шалгуурыг хангаж байж зөвшөөрөгддөг хязгаарлагдмал бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж бий. Үүнд:

  • Согтууруулах ундаа - Тухайн улс орон, мужуудад хуулиар заагдсан насны хязгаарлалтад баригдах ёстой. Өөрөөр хэлбэл тухайн муж нутагт хууль тогтоомждоо хэдээс дээш насны иргэнд согтууруулах ундаа худалдаалж болно гэж заасан бэ? гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй.
  • Болзоо - Онлайнаар болзох эсвэл ижил төрлийн үйлчилгээг сурталчлах үед хязгаарлалт тавигддаг. Ийм тохиолдолд заавал ХҮСЭЛТ илгээн зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  • Онлайн мөрийтэй тоглоом - Төлбөрийн систем холбогдсон онлайн тоглоом бүхий сурталчилгаа хийх бол тухайн улс, орон, мужийн хүрээний хууль тогтоомжоор хязгаарлагдана. 
  • Онлайн эмийн сан - Эм эмийн бэлдмэлийг сурталчлах огт боломжгүй боловч зөвшөөрөлтэйгөөр онлайн эмийн сангийн үйлчилгээг явуулахыг зөвшөөрдөг. Хүсэлтийг илгээх шаардлагатай.
  • Санхүүгийн болон даатгалын бүтээгдэхүүн - Зээлийн карт, моргежийн зээл болон санхүүгийн бүтээгдэхүүнийг сурталчлах боломжтой боловч дагаж мөрдөх хэрэгтэй дүрмүүд бий. Зээлийн төлбөр, зээлийн хүү, байршил гэх мэдээллүүдийг тодорхой оруулж өгөх хэрэгтэй. Мөн хүнээс шууд хувийн мэдээллийг нь асуусан агуулга байх боломжгүй.
  • Нийгмийн асуудал болон сонгууль, улс төр - Ихэнх тохиолдолд тухайн улс орон, муж нутгийн хууль тогтоомж журмыг дагаж мөрдөх хэрэгтэй. Мөн фэйсбүүкээс урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Энд дарж дэлгэрэнгүй уншиж танилцаарай.
  • Криптовалют - Криптовалют болон түүнтэй ижил төстэй зүйлс (bitcoin) сурталчлах бол урьдчилан зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Энд дарж дэлгэрэнгүй уншиж танилцаарай.
  • Гоо сайхны мэс засал - Фэйсбүүкт ринопластик, дермабрази, турах / гоо сайхны процедур зэрэг сонгомол мэс заслын зарыг зөвшөөрдөг боловч та эхлээд зөвшөөрөл авах шаардлагатай.  Энд дарж танилцаарай.

3. Чанартай, холбоо хамааралтай, бүтээлч контент хийхэд анхаар

Хэдий таны сурталчилгаа дээр дурдсан дүрмүүдийг зөрчөөгүй байсан ч таны контентод орсон зураг, тайлбар текст, видео, URL гээд бүх бүрэлдэхүүнүүдээ маш сайн анхаарах хэрэгтэй. Учир нь контентод багтсан бүх элементийг фэйсбүүк маш сайн таньж уншиж чаддаг тул зөрчилтэй агуулга, зураг мэдээллээс шалтгаалж сурталчилгааг явуулахаас татгалзаж болдог. 

  • Хүний биеийн хэсгийг хэт ил гаргасан, томоор харуулсан зургийг ашиглаж болохгүй - Энэхүү агуулга нь насанд хүрэгчдийн агуулга бүхий контент эсвэл хүмүүсийг хэт цочирдуулна гэж үздэг тул хориглодог.
  • Хараалын үг болон доромжилсон агуулга бүхий контентыг хориглоно
  • Хуурамч товч зурган дээр байрлуулахыг хориглодог. Жишээлбэл: "Video play" товчийг зурган дээр байрлуулах гэх мэт. Хүмүүс видео байна гэж андууран даралт их авч болох ч хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн агуулга гэж үзэн хориглоно.
  • Өмнө ба дараа гэсэн харьцуулсан зургийг хориглоно. Жишээлбэл тураах бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө ба дараа, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө ба дараа гэх мэт агуулгыг хориглоно.
  • Хандалт, даралт цуглуулах зориулалттай контентыг хориглох болсон. Тодруулбал: Бүтээгдэхүүн А-д дуртай бол Like дараарай, Бүтээгдэхүүн Б-д дуртай бол Love дараарай гэх мэт
  • Зурагны 20%-иас ихгүй талбайд текст агуулагдана гэдэг дүрэм өөрчлөгдсөн. Иймээс бид заавал текстээ багасгах шаардлагагүй болсон. Гэхдээ хэт том бас олон текст зурганд орох нь мэдээж контентын үзэмж, хүртээмж талаасаа тийм ч тохиромжтой биш байдаг шүү.

4. Хөгжүүлэлт дутуу хийгдсэн газардах хуудас эсвэл URL хаяг оруулахгүй байх

Фэйсбүүк зөвхөн контентыг шалгадаггүй. Харин контенттой холбогдсон, байршуулсан газардах хуудас болон URL хаяг дээр ямар мэдээлэл байгааг шалгаж үздэг. Иймээс та газардах хуудас эсвэл байршуулсан URL дээрээ дараах алдааг гаргахгүй байх хэрэгтэй.

Алдаатай газардах хуудас

  • Нэг мэдээллийг олон хувааж байршуулсан мэдээллийг хориглох талтай. Жишээлбэл: Мэдээллийг цааш дэлгэрүүлж уншихыг хүсвэл энэ товч дээр дараарай гэх мэт олон салгаж байршуулсан агуулгатай мэдээллийг сурталчилгаа хийхээс татгалздаг.
  • Ажиллагаагүй URL холбох эсвэл ялгаатай агуулгатай газардах хуудас рүү үсэргэх. Тухайн оруулсан контент тань байршуулсан газардах хуудасны агуулгаас ялгаатай гэж үзвэл сурталчилгааг хориглодог.
  • URL хаяг нь өөр агуулгыг агуулсан байхыг хориглоно. Тодруулбал URL болон газардах хуудас, контентын агуулга ижил байх ёстой.

5. Фэйсбүүк болон Инстаграм, WhatsApp брэндийг буруугаар ашиглахгүй байх

Фэйсбүүкийн өөрийнх нь лого ашиглалт тал дээр маш болгоомжтой ханддаг. Мөн контентын агуулгадаа фэйсбүүк компанийн талаар юу өгүүлсэн байгааг маш сайн хянадаг. Иймээс та дараах зүйлсийг огт мартаж болохгүй.

  • Батламж - Фэйсбүүк, инстаграм болон WhatsApp гэх мэт компани таны бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмждэг гэсэн агуулгыг шууд болон шууд бусаар батламж болгон агуулахыг хориглодог.
  • Брэндийн хэрэглээ - Өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа болон холбосон вэб сайтын хуудсан дээрээ фэйсбүүкийн логог байршуулж онцлохыг хориглодог
  • Скриншотууд - Хэрэв та Facebook, Instagram эсвэл Messenger хэрэглэгчийн интерфейсийн аль ч хувилбараас авсан скриншотуудыг ашиглаж байгаа бол түүнийг үнэн зөвөөр дүрсэлж байгаарай. Зургийг өөрчлөх эсвэл тайрч болохгүй.

Фэйсбүүкийн маркетингийн бодлого. Та юу мэдэх хэрэгтэй вэ?

Фэйсбүүкийн хамгийн их анхаарч үздэг баримтлал бол "ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ"-ын эсрэг байх юм. Иймээс контент, мессеж, коммент гээд бүх хэрэгсэлд энэ дүрэм үйлчилдэг тул санаатай болон санамсаргүй байдлаар дараах сэтгэгдэл төрүүлэхүйц агуулгыг ашиглахаас татгалзаарай.

Ялгаварлан гадуурхалтын эсрэг бодлого

Ялгаварлан гадуурхалт бүхий өнгө аятай, тайлбар текстэй гэж үзвэл таны сурталчилгааг шууд түдгэлзүүлдэг зарим тохиолдолд шууд фэйсбүүкээс устгагддаг. Ялгаварлан гадуурхалтанд дараах зүйлс багтана. Үүнд:

  • Арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, үндэс угсаа гэх мэт шинж чанаруудаар ялгаварлан гадуурхах, дорд үзэж болохгүй. 
  • Байршил, сонирхол, шинж чанараар нь тодорхой бүлэг хүмүүсийг ялгаварлан гадуурхаж болохгүй.
  • Сөрөг ойлголт өгөхүйц мэдээллийг хориглодог. Жишээлбэл: жин ихтэй хүний зургийг ашиглан тураах бүтээгдэхүүн сурталчлах гэх мэт. Энэ нь илүүдэл жинтэй байх муу нь гутамшигтай зүйл мэт сөрөг ойлголтыг өгч хүнийг хүнийг ялгаварлан гадуурхаж байна гэж үздэг.

ХОЛБООТОЙ: ФЭЙСБҮҮК СУРТАЛЧИЛГАА ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ ҮЕД ЯАХ ВЭ?

Олон нийтийн стандарт бодлого

Фэйсбүүк олон нийтийн стандарт бодлогыг баталж нийтэд ил байршуулсан. Эдгээр нь зөвхөн сурталчилгаа биш бүх фэйсбүүк хэрэглэгчдэд хамааралтай бодлого юм.  Өмнө нь дурдсанчлан сурталчилгааны дүрэмтэй агуулга нэг боловч дараах 2 зүйл дээр түлхүү ач холбогдол өгсөн байдаг. Үүнд:

  • Хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй байдал - Оруулсан мэдээлэл нь хүчирхийлэл, гэмт хэргийн шинжтэй дээрх байдлыг өдөөж дүрсэлсэн байхыг хориглодог. 
  • Мөлжлөг, дарамт шахалт болон хувийн нууцтай холбоотой - Энэ нь маш өргөн хүрээг хамарсан ойлголт боловч ерөнхий агуулга нь бусад хүмүүсийг дээрэлхэх, давуу талыг нь ашиглах зорилго агуулга бүхий мэдээллийг хориглодог. Мөн хувь хүний нууцлалтай холбоотой мэдээллийг ил гаргаж болохгүй.

Хувийн мэдээллийн бодлого

Фэйсбүүкийн бас нэгэн баримталдаг зарчим бол хувийн нууцлалыг хадгалах, хамгаалах бодлого юм. Гэвч хэрэглэгчид өөрт нь хэрэгтэй гэж үзсэн зүйлдээ хувийн мэдээллээ өгөхөөс татгалздаггүй тул аль аль талдаа харилцан хэрэгтэй шийдлийг бий болгосон. Энэ нь Сэжим үүсгэх /Lead Generation/ сурталчилгаа буюу хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр хувийн мэдээллийг авах зориулалт бүхий сурталчилгаа юм. Үүнд анхаарах хэрэгтэй зүйл нь:

  • Өгөгдөл мэдээлэл цуглуулах - Сэжим үүсгэх буюу хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах сурталчилгааг ашиглаж болно. Гэхдээ тухайн сурталчилгааны асуултад хэт хувийн мэдээллийг асуухыг хориглодог. Мөн нууцлалын бодлого гэдэг зүйлийг оруулахыг шаарддаг.
  • Мэдээлэл хуваалцах - Фэйсбүүк сурталчилгаанаасаа цуглуулсан өгөгдлөө зөвхөн дотоод үйл ажиллагаандаа зарцуулах ёстой гэж үздэг. Иймээс тухайн хуудсыг эзэмшсэн админ эрх бүхий хүмүүс нь мэдээллийг нь авх боломжтой байдаг. 

Та дээр дурдсан зөвлөгөөний дагуу сурталчилгаагаа хийвэл алдаагүй сурталчилгаа үүсгэх боломжтой болно гэж бид найдаж байна. Танд амжилт хүсье


Та манай МАРКЕТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах холбоосоор нэвтрээрэй. 

 

New Call-to-action

Сэдэв: Фэйсбүүк маркетинг, Сошиал медиа маркетинг, Ads

Цахим ном


chatbot ebook

Сүүлд нэмэгдсэн


Онцлох зар


New call-to-action

Олон уншсан


Quiz


ОНЦЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ


Мессенжер чатбот хийх үйлчилгээ

Бүх нийтлэлүүд