<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">
Эдийн засгийн хямралын энэ цаг үед гүйцэтгэх удирдлагуудад хэрэг болж мэдэх хэдэн зөвлөгөө бичлээ. Маркетинг, санхүү, менежмент гэхээс илүүтэй энгийн зүйлс.

1. Цөөн ажлыг сайн хийх

Ирэх онд цөөн ажлуудыг маш сайн хийх нь зөв. Эдийн засгийн хямрал ёроолдоо хүрч байгаа энэ цаг үед олон төсөл санхүүжүүлэх хөрөнгө, мөнгөний боломж ч тааруу байгаа. Харин аль ажлуудыг энэ цаг үед хийх нь зөв төдийгүй эхлээд хийх нь зөв бэ гэсэн эрэмбийг зөв тогтоогоорой. Питер Дракер хамгийн чухал ажлаа эхлээд хийдэг, тухайн цаг мөчид нэг л ажилд төвлөрдөг гүйцэтгэх удирдлагууд хамгийн өндөр бүтээмжтэй байдаг гэж хэлдэг.

Гүйцэтгэх удирдлагууд хэчнээн мундаг ч хүн л юм чинь физик хэмжээ хязгаартай. Дээр нь алсын хараа, бүтээлч сэтгэлгээ, логик сэтгэлгээ, мэдрэмж, туршлага гээд бараг л хүмүүн бус ур чадвар шаардсан ажлуудыг хийх бас хурдтай шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Ийм ажлыг хийхэд фокус хэрэгтэй. Энийг мэддэг хэдий ч заримдаа хэт олон зүйлийг зэрэг амжуулахыг оролддог маань ирэх онд засах хэрэгтэй алдаа мөн.

Боломжит шийдлүүд: маш чухал цөөн ажилд төвлөрөх, зөв хүмүүст эрх мэдлээ шилжүүлэх, зорилтот ниш сегментдээ төвлөрөх, онц хэрэггүй, ашиггүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс зоригтой салах, бизнесээ илүү энгийн бас хурдтай болгох (англиар бол streamlining гэдэг байх шүү).

2. Ажилд авахдаа удаан, халахдаа хурдан байх

Орчин үеийн ажил горилогчид ажил сайн хийхээс илүү ажлын ярилцлага сайн өгдөг болоод хөгжчихсөн байх нь элбэг. Үнэхээр дажгүй залуу дунд шатны удирдлагын ажилд ярилцлаганд ирнэ. Яриа хөөрөөтэй, гадаадад сургууль төгссөн, Монголдоо ирээд том том компаниудад ажилласан туршлагатай, манлайлагч, багийн тоглогч, бүтээлч, бас болоогүй дээр нь ажилсаг гэж өөрийгөө танилцуулна. Өмнөх ажлын захирал маш хуучинсаг, миний гайхалтай санааг огт ойлгож, дэмжээгүй тул ажлаасаа гарсан гэж тайлбар өгнө. Чамд ер нь сул тал байна уу гэхээр "би ажлаа төгс хийх гээд хэт хичээгээд байдаг юм аа" гэж хариулна. Дээр нь сагс, гар бөмбөг тоглочихдог тул салбарын тэмцээнд хэрэг болно. Удирдлагандаа ажилладаг менежерүүдээ харьцуулж бодоод манай энэ хэд нэг ийм байсан бол бид өнөөдөр гялалзаж байхгүй юу гэсэн бодол зурс хийнэ.

Энэ бас л миний гаргаж ирсэн алдаа. Ажлын ярилцлагын үед дээрх таатай мэдрэмж төрөх үед өөртөө дохио өгч сурах хэрэгтэй юм билээ. Хэт мэдрэмжээр алдаатай шийдвэр гаргах гээд байна шүү гэсэн сануулгыг өөртөө өгөөд илүү сорьсон асуултууд тавих, анкетыг нь нарийвчилж харах, өмнө ажиллаж байсан газраас лавлах зэргээр магадлаарай. Ажилд орохдоо сайн, ороод олигтой ажилладаггүй учир анкет дээрээ том, том компаниудын цуглуулгатай болсон байх магадлал бий.

Характерыг нь харж ажилд ав, авсан хойноо ажилд сурга гэдэг. Буруу хандлагатай, залхуу, ажлаа хийх биш ярьж л явдаг хүн хэдий өндөр боловсрол, ур чадвартай, авьяаслаг байгаад нэмэргүй л байдаг. Netflix компаний захирал ийм хүмүүсийг brilliant jerk буюу гялалзсан новш гэж нэрлэсэн байдаг. Ийм хүмүүс чадвартай, гэхдээ багийн тоглолт огт байдаггүй тул компанид хортой байдаг. Буруу хүн гэдгийг нь олж мэдсэн л бол харин хурдан салж сурах бас хэрэгтэй юм билээ. Хүн 30 хүрсэн бол хандлага нь бараг л өөрчлөгдөхгүй дээ. Байнга хөгжиж, дэвшиж байдаг цөөн хүмүүсээс дайралдвал харин бүү алдаарай.

Шийдэл: Ер нь Hire Slow, Fire Fast гэсэн зарчмыг барихыг хичээгээрэй. Хүний нөөцийн сонгон шалгаруултанд, ялангуяа менежерүүд ажилд авахдаа цаг зав, ухаан бодлоо хайрлахгүй зарцуулах. 

3. Энтрепренерийн сэтгэлгээ, соёлын үрийг компанидаа суулгах

Бид олон жил менежментээ сайжруулах олон ажлуудыг хийж ирсэн. Энийг дагаад захирлууд, дунд шатны менежерүүдийн бизнесийн удирдлагын мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлага ч бас чамгүй хөгжиж байна. Саяхан би өмнө ажиллаж байсан ITZONE компаний СЭЗДС-тай хамтран зохион байгуулсан Mini MBA гээд хөтөлбөрийн дипломын хамгаалалтанд оролцсон. Ялангуяа хамгийн сүүлд танилцуулсан SIA багийн хийсэн бизнесийн стратегийн шинжилгээ, төлөвлөгөө ямар ч менежментийн зөвлөх компаниас илүү гэхээс дутахгүй түвшинд хийгдсэн байсан шүү. Н.Баттулга захирал цаашид менежерүүдийнхээ бизнесийн удирдлагын төдийгүй энтрепренерийн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ. 

Арай гунигтай мэдээ гэвэл судалгаагаар дэлхий даяар ихэнх хүмүүс ажилдаа дургүй гэж гардаг юм билээ. Ихэнх хүмүүс аль болох бага ажиллаж, их цалин авахыг хүсдэг гэдэг факт маш гунигтай сонсогдож байгаа биз? Ийм ажилтнуудтай бол бид яаж олон улсын зах зээлд амжилттай өрсөлдөх компаниудыг төрүүлэх вэ? Бид олон улсын зах зээлд хэнтэй өрсөлдөх вэ? Бид Америк, Европ, Япон, Солонгосын гайхалтай компаниудын түүхүүдийг уншдаг, сонсдог, тэднээс суралцдаг. Олон улсад гарна гэвэл тэдэнтэй өрсөлдөнө гэсэн үг. Бидний муулаад байдаг Хятадаас хүртэл Alibaba, Huawei, Xiaomi гээд гайхалтай компаниуд төрж гарах болсон. Бид харин яах хэрэгтэй вэ? Хөх толбо, өндөр IQ, монгол ухаан, төрийн бодлого, дэмжлэгт л найдаад суугаад байвал харамсалтай нь хол явахгүй дээ.

2012 оноос хойш үргэлжилж буй Монголын эдийн засгийн хямрал олон хүнд ухаарал хайрлаж байгаа. Олон захирлууд, менежерүүд ажилгүй болж, олон бизнесменүүд хүнд байдалд орсон. Гэхдээ хямрал боломжийг дагуулдаг гэж мундгууд хэлдэг. Энэ үе бизнесүүд илүүдэл жингээсээ салах боломжийг олгосон төдийгүй олон сонирхолтой энтрепренерүүдийг төрүүлж байна. 2016 оны онцлох гарааны бизнесүүд хэмээх Unread дээр гарсан нийтлэлээс Монголд шинэ үеийн энтрепренерүүд төрөн гарч Themeton, Lhamour, Onefit зэрэг олон гарааны бизнесүүдийг эхлүүлэн амжилт олж буй түүхүүдээс уншлаа. Ийм бизнесүүдээс ирээдүйд дэлхийд өрсөлдөх компаниуд төрөн гарна. Энтрепренерийн соёлтой байгууллагууд гэдэгт итгэлтэй байна. Ажилтнууд нь ажилдаа эзний ёсоор ханддаг, сэтгэлтэй, хариуцлагатай, бүтээлч, хурдтай, шийдвэр гаргаж чаддаг байж дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлчилгээ гарна. Ажилдаа дургүй хүмүүсийн хийсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ олигтой байх нь тун ховор доо.

Боломжит шийдлүүд: Компани өөрөө өөрчлөгдөн хөгжих тогтолцоо, соёлтой байж болно. Миний бодлоор ITZONE жишээ нь ийм төрлийн компани. Хоёр дахь шийдэл бол хүчтэй гүйцэтгэх захирал өөрчлөлтийг манлайлж хүнд суртал, мөнгө идэлт, корпорацийн улс төржилтөд баригдсан, ажил хийх дургүй хүмүүсээр дүүрсэн компанийг өөрчлөн шинэчлэх. Бизнесийн эзэн гүйцэтгэх захирлаа хийж байх үед илүү боломжтой харагддаг. Гэрээгээр ажиллаж буй гүйцэтгэх захирлуудын хувьд хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг сайн авч байж л амжилттай хэрэгжих боломжтой. Ихэнх хүмүүс өөрчлөлтөд дургүй байдаг тул тэдний өөрчлөлтийг зогсоох, гацаах, чөдөрлөх оролдлогууд нь түр зуурын уналт, алдаанд түшиглэн амжилтанд хүрэх магадлал тун өндөр. Сүүлийн бас миний бодлоор хамгийн боломжит шийдэл бол энтрепренерийн соёлтой шинэ компаниудыг анхнаас нь бий болгох. Зарчмуудаа анхнаас нь зөв тогтоох, зөв хүмүүсээр баг бүрдүүлэх, үүсгэн байгуулагчдын философи, манлайлал зэрэг нь энд чухал. 

Лондонгийн бизнесийн сургуулийн Managing the Company of the Future гэсэн нэртэй онлайн курсыг сонирхоод үзээрэй. Энд орчин үед бизнес яаж хөгжих хэрэгтэй талаар судалгаа, шинжилгээтэй бас загвартай зүйлүүдийг заадаг юм билээ. Онолоор бизнес удирдах гэлээ гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Менежментийн чиглэлээр дээд боловсрол эзэмшээгүй, ажил амьдрал дээрээс бизнес удирдахад суралцаж яваа над шиг хүмүүст академик хичээл хааяа үзэж толгойгоо цэнэглэж байх нь хэрэгтэй л байдаг. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Би хэрхэн сурч хөгждөг вэ?

4. Бизнесээ хэрэглэгч төвтэй болох

Бид хэрэглэгч төвтэй бизнес, customer experience чухал гэж ярих дуртай боловч байгууллага, бүтээгдэхүүн төвтэй хэвээрээ л байх нь олонтоо. Энэ чиглэлд хийж болох энгийн боловч үр дүнтэй алхмуудаас дурдъя.

  • Вэб хуудсаа хэрэглэгч төвтэй болгох. Компанийхаа вэб хуудсаар ороод үзээрэй. Тэнд танай байгууллагын тухай, түүхэн замнал, захирлын мэндчилгээ, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээ, холбоо барих гэх мэт мэдээллүүд л байх магадлал тун өндөр. Танайх хэр гайхалтай болох тухай гэсэн үг. Иймд яг л бүтээгдэхүүн сонирхож орж ирэхээс бусдаар хүмүүс орж ирэх хэрэгцээ, сонирхол тун бага. Шийдэл: вэб хуудсаа хэрэглэгчиддээ сонирхолтой контенттой болгоорой. Фэйсбүүк хуудсаараа сонирхолтой контент хүргэдэг бол вэб хуудсаар яагаад болохгүй гэж?

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Компаний вэб хуудас яагаад сонирхолгүй байдаг вэ?

  • Зөвхөн зар сурталчилгаа бус хэрэглэгчийн боловсролын контент маркетинг хийх. Өөрөөр хэлбэл зөвхөн танай бүтээгдэхүүн хэр гайхалтай тухай яриад байх биш, харин танай зорилтот хэрэглэгчдэд ямар асуудлууд тулгардаг, яаж шийдэж болдог, ямар боломжууд байж болох тухай бас ярина гэсэн үг. Яагаад танай бүтээгдэхүүн зөв шийдэл болох тухай сүүлд нь ярих хэрэгтэй. Хэрэглэгчдэд зар сурталчилгааг түлхэн хүргэх уламжлалт аутбаунд маркетинг нь маркетер төвтэй. Харин зорилтот хэрэглэгчдийг контентоор татах аргыг инбаунд маркетинг гэдэг бөгөөд хэрэглэгч төвтэй аргачлал юм.
  • Борлуулалтыг хэрэглэгч төвтэй болгох. Уламжлалт борлуулалт нь статик байдлаар бүх хүмүүст ижил аргаар зардаг. Кирбигийнхэн тоос сорогчоо яаж зардгийг та нар жишээ нь сайн мэднэ. Орчин үед хэрэглэгч өөрийнх нөхцөл байдал, хэрэгцээ, онцлогийг нь анхаарахыг шаарддаг болсон. Өөрөөр хэлбэл тэдэнд рүү шууд утасдах (cold call) дургүй болсон. Иймд дулаан сэжмүүдийг зөв олж тогтоох, шууд зарахаас илүүтэй худалдан авалтанд нь зөвлөх инбаунд борлуулалтын аргачлалыг судалж үзээрэй. Энд дарж үнэгүй онлайн сургалтыг нь сонирхож болно.
  • Бүтээгдэхүүнийг хэрэглэгч төвтэй болгох. Хэрэглэгчээ халамжлахыг тулгын гурван чулууг инноваци, коммуникаци, хэрэглэгчийн боловсрол гэдэг. Бүтээгдэхүүнийг хэрэглэгч хэрхэн хэрэглэж байна, юу нь таалагдаж бас таалагдахгүй байна, юу нь хэрэгтэй бас хэрэггүй, яаж өөрчилж болох вэ гэсэн өгөгдлүүд, судалгаа, мониторинг, санал, гомдлууд дээр суурилан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга хөгжүүлж байх хэрэгтэй. 
  • Харилцагчийн үйлчилгээг цогц болгох. Хамгийн түрүүнд баг маань хэрэглэгч төвтэй байх хэрэгтэй. Та нарын цалинг би төлдөг биш хэрэглэгч төлдөг гэж мундаг захирлууд хэлдэг. Харилцагчийн үйлчилгээ гэдэг бол ганцхан газрын ажил бус харин захирлаас эхлээд компаний бүх хүний ажил гэдгийг бүгд ойлгож байж л бид сайн үйлчилгээтэй болж чадна. Харилцагчийн үйлчилгээ борлуулалтын дараа эхэлдэг зүйл биш манай вэб хуудсаар анх ороход хэр ойлгомжтой байна, фэйсбүүк мессенжертээ бид хэрхэн мэндэлж байна, ресепшн маань хэрхэн мэндэлж байна, үүднийхээ цас мөсийг арилгасан уу гээд л ирээдүйн хэрэглэгчтэйгээ үүссэн хамгийн анхны контактаас эхэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй юм билээ.

5. Сэтгэлгээний манлайллаа хөгжүүлэх

Гүйцэтгэх захирлууд өөрийн өөрийн салбартаа хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж, зах зээлийн өөрчлөлт, хөгжилтэй өөрийн бизнесийг хөл нийлүүлэх, за магадгүй бүр урд нь алхах ажлуудыг манлайлан хийж гүйцэтгэдэг хүмүүс байдаг. Та ч бас ийм л учраас гүйцэтгэх удирдлагаар сонгогдон ажиллаж байгаа болов уу. Тэд салбарынхаа thought leaders буюу миний орчуулснаар сэтгэлгээний манлайлагчид байдаг.

Орчин үед гүйцэтгэх удирдлагууд сэтгэлгээний манлайллаа хөгжүүлэх боломжууд улам нэмэгдсээр л байна. Энэ нь сэтгүүлийн эхний нүүрэн дээр үнэтэй брэндийн хослолтой гарах, энд тэнд шагнал авах, телевизэд ярилцлага өгөх, ажилтнууддаа зангаргаа харуулах тухай биш юм. Харин өөрийн мэддэг, чаддаг зүйлсээ, алсын хараагаа бусадтай хуваалцах, заах, сургах, урам зориг өгөх тухай юм. Бид дэлхийн шилдэг энтрепренерүүд, гүйцэтгэх захирлуудыг түүх, туршлагууд шингэсэн ном, нийтлэлүүдийг унших дуртай. Тэдний ихэнх нь:

  • Мэдлэгээ хуваалцдаг, бичдэг, ярьдаг, заадаг. Нэн их мэдээллийн энэ эрин үед бусдаас мэдлэгээ нуух биш харин хуваалцах нь илүү зөв сонголт.  
  • Компанитайгаа бараг ижил түвшний брэнд болтлоо хөгжсөн байдаг. Марк Цукерберг, Ричард Брансон, Элон Маск гээд нэрсийг харахаар миний хэлэх гэсэн санаа ойлгомжтой. Сошиал медиа, интернэтийн энэ эрин үед тэд маркетингийн маш хүчтэй суваг болж чаддаг.

Ингээд ярихаар Цукербергтэй зүйрлэх ч гэж дээ, тэр чинь тэнгэрийн амьтан, чи газрын амьтан, хөрсөн дээрээ буу л даа гэх нь хүмүүс бий. Хөрсөн дээрээ буугаад одоо бид юу хийж болох талаар бодлоосоо хуваалцъя.

  • Бизнесийн блог бичих. Аяллын тэмдэглэл гэхээс илүүтэй бизнесийн блог бичээрэй гэж зөвлөж байна. Жишээ нь: Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн ganzo.mn, Датакомын Д.Энхбат захирлын (миний хамгийн анхны захирал) enkhbat.mn зэрэг бизнесийн сонирхолтой блогууд байна. 
  • Сошиал медиа хуудсууд хөтлөх. Хэнд ч хэрэггүй шахам улс төрчид өчнөөн олон лайктай, дагагчидтай байхад та нар яагаад болохгүй гэж? Гүйцэтгэх удирдлагууд Facebook хуудас, Twitter, Linkedin хөтөлж болно. Блог нийтлэлүүдээ эдгээр сувгуудаараа гаргаад байж болно. Би нийтлэлүүдээ Linkedin, Medium дээр давхар тавьдаг.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Сошиал медиа маркетинг хэрхэн нэг цэгээс хийх вэ?

  • Подкаст. Бид жишээ нь Бизнес Радио 98.9-тэй хамтраад BZP Time гээд маркетингийн подкаст ажиллуулдаг.
  • Менторинг хийх. МУИС, СЭЗДС, МТҮП, StartUp Mongolia гээд олон газрууд стартапууд, залуу энтрепренерүүдэд зориулсан хөтөлбөрүүд хийдэг юм билээ. Сурсан мэдсэнээ дараа, дараагийн үеийнхэнтэй хуваалцана гэдэг нь тун чухал.
  • Форум, конференцэд оролцох. Маркетингийн захирлаа дандаа оролцуулах бус өөрсдөө бас идэвхтэй оролцож байвал тун зүгээр. 

За шинэ онд ажлын өндөр амжилт хүсье!

 

Сэдвүүд: Инбаунд Маркетинг, Менежмент, Инбаунд борлуулалт

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренёр, гүйцэтгэх удирдлага, дижитал маркетер. BZP Digital&Inbound компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. М-Си-Эс, Алтай Холдинг, Скайтел группуудэд ажилласан туршлагатай гүйцэтгэх удирдлага. Executive Club of Mongolia үндэслэн байгуулагч гишүүн.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


Сошиал медиа маркетингийн сургалт. Хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх.

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


New Call-to-action

Олон уншсан


Онцлох мэдээлэл


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд