Гарааны бизнесүүдэд тулгардаг нэгэн бэрхшээл бол хөрөнгө, санхүүжилт. Гэтэл бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах, борлуулах зайлшгүй шаардлагатай тул хэрхэн бага зардлаар өгөөжтэй маркетинг хийх вэ?

Дижитал, интернэт маркетингийн боломжуудыг ашигла

Уламжлалт масс медиа маркетингийн сувгуудын зардал өндөр тул заавал шаардлагатай үед л ашиглах нь зүйтэй. Өнөө үед интернэт, ухаалаг утас, сошиал медиа зэрэг нь хэрэглэгчиддээ маркетингийн мессежээ хүргэх, харилцаа үүсгэх хамгийн хямд өгөөжтэй суваг нэгэнт болжээ. Bloomberg Mongolia мэдээлж буйгаар Монголд 1.3 сая хүн Facebook хэрэглэж байна. Facebook дээр зар сурталчилгаа хийхэд Монгол улсад хүрч болох боломжит хүмүүсийн тоог 1.6 сая гэж тооцоолон харуулдаг.

Дижитал маркетингийн сувгууд нь маш олон тул бүгдийг нь ашиглах нь ямар ч байгууллагад боломжгүй зүйл. Аль сувгийг ашиглах вэ гэдгийг танай зорилтот хэрэглэгчид хаана цагийг өнгөөрөөж байна гэдгээс олж тогтоох нь зөв. Жишээ нь: байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бол вэб хуудас, и-мэйл, Linkedin, Youtube, Facebook, Twitter зэрэг сувгуудыг ашиглах нь үр дүнтэй байж болно. Өсвөр насны болон оюутан залууст зориулсан хувцасны дэлгүүртэй бол Facebook, Instagram, Snapchat ашиглах нь илүү зөв сонголт болно.

Маркетингаа аль болох эрт хийж эхэл

Бүтээгдэхүүн, үйлчилгээ чинь хараахан бэлэн болоогүй байна гэдэг нь маркетинг хийх болоогүй гэсэн үг огт биш. Чухам юуг, яагаад хийж бүтээснээр хэнд ямар асуудлаа шийдэхэд туслах вэ гэдгээ тодорхойлчихсон л бол маркетингаа хийж эхэл. Та өөрийн Facebook хуудсаа нээхэд саад болох зүйл огт байхгүй. Хувь хүний аккаунт 5,000 найзын хязгаартай, сурталчилгаа хийж болдоггүй гэх мэт хязгаарлалтуудтай байдаг тул бизнес хийх гэж байгаа бол пэйж хуудас нээхийг зөвлөж байна. Анхаарах зүйл гэвэл хуудасныхаа нэр, хаягийг нь олон өөрчлөхөд хэцүү тул анхнаасаа зөв сонгоорой. Групп нээж ажиллуулах нь зорилтот хэрэглэгчиддээ хүрэх бас нэг үр дүнтэй арга.

Фэйсбүүк хуудсаа нээчихлээ. Одоо тэнд юу бичиж нийтлэх вэ? Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга бол бэлэн болоогүй байгаа. Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүст байдаг тодорхой асуудлуудыг шийдэхэд нь эсвэл шинэ боломжуудыг хэрэглэхэд нь тусалдаг. Тийм ч учраас эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнэтэй байж болно. Хэрэглэгчид асуудлаа ойлгоогүй эсвэл боломжуудыг олж хараагүй байх нь элбэг. Танай хамгийн эхлээд бичих зүйлс энэ тухай байж болно. Жишээ нь: бид органик түүхий эдээр арьс чийгшүүлэх саван үйлдвэрлэх гэж байлаа гэж бодъё. Химийн аргаар хийсэн синтетик саван хэрэглэснээр арьсанд үүсэх сөрөг нөлөөнүүдийг ойлгуулсан, органик савангийн ач холбогдлыг ойлгуулсан контентуудыг бүтээн хуудсаараа хүргэснээр бид ирээдүйн хэрэглэгчиддээ хүрч, цуглуулж бас худалдан авалт хийхэд нь бэлдэж байна гэсэн үг. Арьс арчилгааны арга ухаануудаас ч бас зөвлөгөө байдлаар хүргэж болох юм.

Бүтээгдэхүүнээ хөгжүүлчихсэн, үйлдвэрлээд түгээсэн, дэлгүүрт өрчихсөн. Энэ үед танай хуудас 20 мянган фэнтэй, групп нь 4,000 гишүүнтэй, тэд бас яагаад танай бүтээгдэхүүн өөрсдөд нь хэрэгтэйг ойлгочихсон байж байвал танай бүтээгдэхүүний сурталчилгаа бодит борлуулалтыг хурдан бий болгож чадна.

Хэдэн зуун хуудастай маркетингийн төлөвлөгөө гаргахад бүү хэт их цаг, хөдөлмөр зарцуул

Энэ нь огт төлөвлөгөөгүй ажилла гэсэн үг огт биш. Ихэнх гарааны бизнес зах зээлд хөлөө олоход ядаж хоёр жил хэрэгтэй байдаг. Хоёр жилийн дараа анхны төлөвлөгөөгөө эргээд харвал олон зүйл анх бодож, төлөвлөснөөс маш их өөрчлөгдсөнийг анзаарах болно. Хэт нүсэр төлөвлөлт хийхийн оронд энгийн мөртлөө үр дүнтэй прагматик аргачлалуудыг хэрэглээд алхам бүрдээ сайжруулалт хийгээд явбал үр дүнтэй байж болно.

Өнөө үед маркетингийн хамгийн үр дүнтэй аргачлалд контент маркетинг тооцогдож байна. Та хаа саагүй л контент бол хаан, маш чухал гэж маркетингийн мэргэжилтнүүд онцлохыг анзаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ контент бүтээнэ, хүргэнэ гэдэг нь цаг, мөнгө, хөдөлмөр шаардсан ажил. Хэрэггүй контент бүтээх нь үргүй зардал, алдагдсан цаг хугацаа гэж ойлгож болно.

Юун түрүүнд хэнд зориулж гэдгийг тодорхойлох нь чухал. Орчин үед Персона маркетингийн аргачлал энд хамгийн үр дүнтэйд тооцогдож байна. Танай зорилтот хэрэглэгч, худалдан авагчийн персона гэдэг нь танай хамгийн хэрэглэгчдийн түгээмэл, ерөнхий шинжүүд, зан төлөв, сонирхлыг агуулсан хагас зохиомол дүр юм. Танай бүтээх контентууд энэ дүрд зориулагдана гэсэн үг. Танаа байгууллагын онцлогоос перонагийн тоо хамаарна. Эхний үед 2, 3-аас хэтрүүлэхгүй байх нь үр дүнтэй.

ХОЛБООТОЙ: Та зорилтот хэрэглэгчийнхээ персонаг тодорхойлсон уу?

Хэрэглэгчийн худалдан авалт хийх процесс тодорхой үе шатуудтай байдаг:

  • Асуудал эсвэл боломжийг анзаарах. Энэ шатанд хэрэглэгч өөрт байгаа асуудлыг эсвэл ашиглахгүй байгаа боломжийг олж хардаг. Иймд асуудлыг нь ойлгуулах, шинж тэмдгүүдийг нь тайлбарласан хэрэглэгчийн боловсролын контентууд үр дүнтэй.
  • Асуудлаа хэрэгсээд шийдэл хайх. Энэ шатанд хэрэглэгч асуудлаа олж тогтоочихсон, уг асуудлыг шийдэж чадах шийдлүүдийг хайж байдаг тул экспертийн зөвлөгөө, зөвлөмжийн контентууд илүү үр дүнтэй.
  • Худалдан авалтын шийдвэр гаргах. Энэ шатанд хэрэглэгч чухам юуг авах гэдэг шийдвэр гаргадаг. Бид үүнд нь туслах бүтээгдэхүүний танилцуулга контентуудыг бол үргэлж хийдэг. Танилцуулгаас гадна өмнөх хэрэглэгчдийн кэйс, харьцуулалт, туршилт, демо гэх мэт бусад контентууд үр дүнтэй.

Персона бүрийн худалдан авалтын замналд зориулаж хөгжүүлэхээр контентын төлөвлөгөөгөө гаргаарай. Контент бүрт чухам аль персонад зориулсан, аль шатны, ямар сэдэв, формат, агуулгатай гэдгийг бичиж оруулна. Мөн хэн, хэзээ хийх, аль сувгуудаар түгээхийг бас оруулаарай. Ингэж гаргасан контентыг төлөвлөгөөний дагуу ажиллаж бүхэл бүтэн нэгэн түүхийг харилцан уялдаатай дижитал контентуудаар өгүүлэх нь бодит борлуулалт руу хөтөлсөн үр дүнтэй маркетинг хийхэд тань тусална.

Сайн контент бүтээ, бас түгээ. Гэхдээ бага зардлаар

Контент бүтээх тийм хялбар, гар хурууны үзүүрээр хийх зүйл биш. Ялангуяа маркетингийн контентууд бүтээхэд график дизайн, видео, фото зураг авалт гэх мэт нарийн ур чадварууд шаардагддаг. Үүний тулд мэргэжилтнүүд, агентлагууд, студиуд ажилладаг. Харамсалтай нь гарааны бизнесүүдийн хөрөнгө, санхүүжилт хязгаартай байдаг тул тэр бүр мэргэжлийн хүн ажиллуулах, үйлчилгээ аваад байх боломж бага.

Өнөө үед мэргэжлийн бус хүмүүс боломжийн түвшний контент хөгжүүлэх, дизайн хийх боломжтой болжээ. Тэр бүү хэл гар утсаараа ч гайхалтай контентуудыг залуус бүтээж чадаж байна. Хэрэв та сошиал медиаг маркетингдаа ашиглах гэж байгаа бол тэнд жирийн хүмүүс ч гэсэн контентоо тавьдаг тул байнга 100% төгс мэргэжлийн контент оруулж байх албатай бас биш.

Сурахад хялбар хамгийн энгийн програмуудаас дурдвал график дизайнд canva.com, анимэйшн видеонд powtoon.com, видео найруулганд wevideo.com байж болно. Үүнээс өөр бусад олон програм хангамжууд бий бөгөөд үнэгүй, туршилтын, энгийн, мэргэжлийн гэх мэт олон хувилбарууд байдаг нь та зардал гаргалгүйгээр туршиж үзэх боломжийг олгодог.

Контент бүтээх нь чухал бол түгээх нь бүр илүү чухал гэдэг. Өнөөдөр контентыг вэб, хайлтын систем, и-мэйл, сайтууд, онлайн сурталчилгаа зэрэг олон сувгуудаар түгээж болно. Сошиал медиа контент түгээлтийн хамгийн үр дүнтэй сувагт тооцогдож байна. Төлбөртэй сувгуудын хувьд Facebook сурталчилгаа хамгийн хямд хүртээмжтэй төдийгүй зорилтот бүлгээ нарийвчлан чиглүүлэх, зардлаа оновчлох олон төрлийн боломжуудыг санал болгодог.

ХОЛБООТОЙ: Контент бүтээхэд хэрэгцээтэй зургуудыг хаанаас олж болох вэ?

Вэб хуудсаа хөгжүүл, сонирхолтой байлга

Сошиал медиа өнөөдөр бизнес эрхлэгчид, маркетерүүдийн талархлыг хүлээсэн суваг болсон. Хэрэглэхэд хялбар, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс хамаарал багатай, хэрэглэгчиддээ хормын дотор л хүрдэг зэрэг олон завуу талуудтай. Гэтэл танай бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай хамгийн бүрэн дүүрэн, эмх цэгцтэй мэдээлэл вэб хуудсанд байршдаг. Маркетингийн сувгийнхаа хувьд борлуулалтад илүү ойрхон суваг. Харамсалтай нь хийхэд цаг их ордог, өөрчлөх бас удирдахад хэцүү, хэрэглэгч ороод үзэх шинэ сонирхолтой контент, мэдээлэл байдаггүй гээд сул талууд олон. Зарим бизнес эрхлэгчид Facebook байхад вэб хэрэггүй болжээ хэмээн өрөөсгөл хардаг болсон нь тийм ч үндэслэлгүй зүйл бас биш.

Харин шинэ мянганы энтрепренерүүдэд шинэ боломжууд бий болсны нэг нь контент менежмент систем буюу CMS юм. Дэлхий даяар хийгдэж буй вэб хуудсуудыг тал нь WordPress дээр хийгддэг гэж сонссон уу? Технологийн нарийн мэргэжлийн бус хүмүүс хэрэглэх бүрэн боломжтой ийм төрлийн шийдлүүд олон бий болсон, хэрэглэхэд өдөр бүр л хялбар болж байгааг та ашиглаарай. Вэбээ мэргэжлийн компаниар хийлгэсэн ч хамгийн гол нь сайн удирдаж, өөрчилж хөгжүүлж чаддаг байх нь хурдтай, чөлөөтэй, уян хатан ажиллах боломжийг танд олгоно.

Өнөөдөр вэб хуудсанд тухайн компаний танилцуулгын мэдээллүүд л байдаг нь хэрэглэгчдэд тун сонирхолгүй байдаг. Зорилтот хэрэглэгчид тань байнга орж ирдэг вэб хуудастай болохыг тулд өөрсдийн бүтээсэн контентуудыг вэб хуудсандаа байршуулахыг танд зөвлөж байна. Зөвлөгөөний булан, цахим сэтгүүл, блог, видео булан гэх мэт олон хэлбэрүүд бий. Хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой контентууд нь вэб хандалтуудыг улмаар борлуулалт авчрах төдийгүй танай контент маркетингийн гол хэсэг нь болно.

И-мэйл маркетинг хий

Энэ бидний түгээмлээр ойлгодог үй олноор нь цацдаг спам маркетинг хий гэсэн үг огт биш юм. Өнөөдөр хэрэглэгчид спамд туйлын дургүй, ялгаад спамдаа оруулж сурсан. Харин и-мэйл маркетинг зөв хийвэл өгөөж нь 20 дахин гэсэн судалгаа байдаг. Харин хэрхэн зөв хийх вэ? Танд и-мэйл маркетингийн програм хангамж хэрэгтэй. Mailchimp, Get Response, Campaign Monitor зэрэг хямд төдийгүй хялбар програмууд бий. Mailchimp үнэгүй хувилбар нь 2,000 хүртэл контект руу маркетинг хийх болдог ба үнэтэй хувилбар нь сарын $25-оос эхэлдэг тул тийм ч өндөр зардалтай бус.

И-мэйл маркетингийн програмууд хэрэглэгчдээ сегментчилэх, темплэйтэд суурилан загварлаг и-мэйл бичих, илгээх, үр дүнг хэмжих зэрэг олон боломжуудыг бий болгодог. Мөн хэрэглэгчдийн контактын мэдээлэл бүрдүүлснээр танай CRM буюу хэрэглэгчдийн харилцааны менежментийн системийн суурийг тавьж өгнө.

ХОЛБООТОЙ: И-мэйл маркетинг хийх 5 шалтгаан

Маркетингийн програм хангамжуудын үнэгүй, хямд, туршилтын хувилбаруудыг ашиглах

Үүлэн тооцооллын технологийн дэвшлийн ачаар энгийн, хэрэглэхэд хялбар мөртлөө гайхалтай сайн хэдэн зуун маркетингийн програм хангамжууд үнэгүй болон туршилтын хувилбарыг санал болгож байна. Үнэтэй хувилбарууд ч нь харьцангуй хямд, төлж буй мөнгөндөө хангалттай сайн үнэ цэнийг авах боломжтой байдаг.

ХОЛБООТОЙ: Маркетингийн үнэгүй атлаа сайн 10 програм

CRM хэрэглэж хэрэглэгчдээ бүртгээрэй

Шинэ бизнесүүд хэрэглэгчдийн бүртгэлээ цаасаар эсвэл экселээр бүртгэх нь элбэг. Контактын мэдээлэл нь дараа, дараагийн маркетинг, борлуулалтанд хэрэг болдог тул энэ нь тун зөв алхам мөн. Орчин үед харин CRM системүүд илүү энгийн, үүлэн тооцоололд суурилсан бас илүү хямд болсныг ашиглахыг бид зөвлөж байна. Жишээ нь: HubSpot CRM үнэ төлбөргүй тул та өнөөдөр ч ашиглаад эхлэх боломжтой.

ХОЛБООТОЙ: Хэрхэн Hubspot CRM Free үүсгэн борлуулалтад ашиглах вэ?

CRM систем нь хэрэглэгчдийн мэдээллийн сан үүсгэх, борлуулалтын процессыг удирдах, түүх үүсгэх, харилцагчийн үйлчилгээний удирдлага хийхэд туслах төдийгүй дахин чиглүүлсэн маркетинг хийснээр борлуулалт руу хөтлөх, нэмэлт борлуулалт, кросс борлуулалт хийх боломжуудыг авчирна. Танд амжилт хүсье!

Click me

Сэдвүүд: Маркетинг, Энтрепренершип, Гарааны бизнес

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


New call-to-action

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


Click me

Олон уншсан


Онцлох мэдээлэл


Сошиал медиа маркетинг сургалт

Сэдвүүд