Өнөөдрийн энтрепренерүүд бизнесээ амжилттай эхлүүлэхэд хэцүү хэдий ч давж гарах хэрэгтэй саад бэрхшээлүүд юу байна вэ? Мөнгө, хөрөнгө оруулалт, санхүүжилт үү? Бизнесийн цоо шинэ санаа юу? Төрийн дэмжлэг үү? Татварын орчин уу?

Энэ нийтлэлд арай өөр өнцгүүдээс харахыг оролдлоо. Гайхалтай амжилтанд хүрсэн энтрепренерүүд өөрсдийн түүхийг өгүүлэхдээ мөнгийг л онцлон дурдсан нь үгүй.

1. Энтрепренерийн сэтгэлгээ, арга ухаан дутагддаг

Бизнес ч гэлтгүй бүхий л зүйлийг амжилттай хийхэд сэтгэлгээ, ур чадвар, арга ухаан хэрэг болдог. Бид янз бүрийн л мэргэжил боловсролтой. Зарим зүйлсийг бусдаас илүүтэй хийдэг тул өөрсдийн гарааны бизнесээ эхлүүлж байгаа. Харамсалтай нь сайн тогооч байна гэдэг нь өөрийн рестораны бизнесээ амжилттай ажиллуулж чадна гэсэн үг огт биш. Технологийн том компанийн технологи хариуцсан захирлууд ажлаасаа гараад өөрийн бизнесээ эхлүүлээд энтрепренерийн амьдрал хэр өөр болохыг ухаарсан түүхүүд олон байдаг.

Энтрепренерүүдэд дарга, захирал, менежер, мэргэжилтнүүдээс өөрөөр сэтгэх, ажиллах хэрэгцээ өдөр бүр л гардаг. Тэд өнөөдөр болж буй зүйл маргааш бүтэхгүй болно гэдгийг харах, мэдрэх, түрүүлэн хөдлөх хэрэг гардаг.

Менежерүүд төлөвлөсөн ажлыг төлөвлөсөн төсвийн дагуу цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, эрсдэлийг хянаж, удирддаг бол энтрепренерүүд эрсдэлүүдийг хүлээдэг. Гэхдээ сохроор, муйхраар бус ухаалгаар. Эрсдэлгүй бизнес хийх нь эдийн засгийн үр ашиггүй гэдгийг тэд ойлгодог.

2. Ямар бизнес хийхээ зөв сонгоход хэцүү. Алдаа гаргадаг

Рестораны бизнес хамгийн их дампуурдаг. Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг өөрийн блогт яг ийм гарчигтэй нийтлэлээ саяхан бичсэнийг та энд дарж уншаарай. Хүн хоол идэх нь үнэн, би хоол хийж эсвэл хийлгэж чадна гээд ресторан нээгээд алддаг бизнес эрхлэгчид олон. Тэгэхээр сонголтоо зөв хийх гэдэг давааг хэрхэн давах вэ?

Та юунд хайртай, дуртай, чин сэтгэлээ зориулж чадах вэ гэсэн асуултыг өөртөө тавиад үз. Шинэ мянганы хэрэглэгчид хүний сэтгэл, зүтгэл, эрмэлзэл шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож байна. Бизнес босч хөлөө олох хүртэл олон зовлон бэрхшээл тулгарна. Дургүй зүйлээ хийж буй хүн шантрахдаа амархан.

Би энэ зүйлийг бусдаас илүү сайн хийж чадах уу гэж бас асуугаарай. Өөрөө өөрийгөө хуурах шаардлагагүй тул бодит үнэнийг л харах нь чухал. Өөрийн мэдлэг, чадваруудыг хэтрүүлэн үнэлэх нь алдаатай сонголтод хүргэж мэдэх юм.

Бусадтай зөвлөж, менторинг авч болно. Ялангуяа бизнес хийж үзсэн хүмүүс, алдаж онож үзсэн хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй. Том компанид цалингийн ажил эрхэлдэг хүмүүс хэчнээн мэдлэг, ур чадвар, туршлагатай хэдий ч энтрепренерийн сэтгэлгээ, ур чадвартай байх нь ховор тул яг хэрэгтэй зөвлөгөө өгч чадахгүй байж мэднэ.

Олон хүн таны эхлүүлж буй бизнесийг бүтэхгүй гэж хэлж байгаа бол харин ч хийгээд, оролдоод үзэж болох юм. Яагаад гэвэл бүгдийн мэддэг, хүлээн зөвшөөрсөн зүйлийг хийх нь үр ашигтай байх нь ховор.

ХОЛБООТОЙ: Бизнесээ эхлүүлж буй хүмүүст хэрэгтэй 5 зөвлөмж

3. Хэрэглэгчдэд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэхэд хэцүү

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүст байдаг асуудлыг шийдэж байвал, эсвэл шинэ боломжуудыг өгч байвал амжилттай болж чадна. Иймд хүнд хүрсэн зүйл хийхийн тулд тэдний зовлон бэрхшээлийг мэдэх, сонсох, ойлгох хамгийн чухал. Яг энэ үед танай бизнесийн оршин тогтнох утга учир анх бүрэлдэх нь элбэг.

Гэхдээ хэрэглэгч чухам яг юу хүсч байгаагаа мэдэхгүй байх нь элбэг. Хэрэглэгчдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь таны бүтээлч сэтгэлгээ, мэдлэг чадвар, багаас их шалтгаална.

Нүсэр стратеги төлөвлөгөө гаргахад цаг заваа зарцуулахаас илүүтэй бүтээгдэхүүнийхээ прототипыг хурдан гаргах нь зөв. Хэзээ ч эхний загвар төгс гардаггүй. Ямар ч гайхалтай бүтээгдэхүүн хөгжин сайжрах үе шатуудыг дамждаг. Анхны iPhone өнөөдрийнхтэй харьцуулахад маш бүдүүлэг харагдах нь тодорхой.

Прототипыг хэрэглүүлснээр чухам юуг нь засах сайжруулахыг хэрэглэгчээсээ олж мэдэж болно. Энэ нь хамгийн үр дүнтэй арга юм. Та өөрийнхөө бүтээлийн сул талуудыг олж харах, шүүмжлэх дургүй, хүсэлгүй байх нь тодорхой. Гэхдээ хэрэглэгчийн бодол, үнэлгээ, шүүмжлэлийг маш сайн хүлээж авч, бүтээдэхүүнээ хөгжүүлээрэй.

4. Ажлыг нугалдаг сайн баг бүрдүүлэхэд хэцүү

Өнөөдөр ганцхан хүн хийчихдэг бизнес байдаг ч тун ховор. Сайн багтай болох нь өөрөө техник, технологийн шийдлээс илүү хэцүү байх нь элбэг. Хамгийн түрүүнд хамтрагчаа зөв сонгоорой. Нэг хүн бүгдийг манлайлж чирч явах хэцүү юм. Хоёр хүн илүү хурдтай урагшилж чадна.

Хамтрагчаа сонгоход нэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологио сайн мэддэг байвал нөгөө нь маркетинг хийх, зарах борлуулахдаа илүү бол бие биенээ нөхөж чаддаг. Хэт ижил хүмүүс хамтрах нь давуу талыг бий болгодоггүй, харин хайрцаглагдах эрсдэл дагуулдаг. Хамтрагчид анхнаасаа харилцан ойлголцол сайн байх нь маш чухал. Практикт хамтрагчдын хоорондын зөрчлөөс үүдэн маш сайн бизнес нурах нь тун элбэг.

Баг бүрдүүлэх үед сонгон шалгаруулалтандаа сайн анхаараарай. Буруу хүн ажилд авах нь баг, соёл бүрдэхэд хортой. Танай бизнесийн утга учрыг ойлгох, эерэг хандлагатай, болохгүй гэх шалтаг тоочихоос өмнө болох аргуудыг хайдаг, урт хугацаанд хань болох хүмүүсийг олж баг бүрдүүлэх нь танай бизнесийн амжилтанд шууд нөлөөтэй.

5. Маркетинг хийх хэрэгтэй байдаг. Даанч зардал өндөр

Ямар ч маркетинг хийлгүйгээр амжилтад хүрэх супер бүтээгдэхүүн хийчихээгүй л бол та маркетинг хийх хэрэгтэй. Өнөөдөр бизнесийн амжилтыг мөнгө бус мэдлэг, хөдөлмөр, бүтээлч байдал, чин эрмэлзэл илүү тодорхойлж байна.

ХОЛБООТОЙ: Гарааны бизнесүүд маркетингаа хэрхэн бага зардлаар хийх вэ?

Уламжлалт масс медиа маркетингийн ертөнцөд том корпорациуд л далайцтай маркетинг хийж чаддаг байсан. Харин өнөөдөр интернэт, сошиал медиа, вэб, имэйл, үүлэн тооцооллын програм хангамжууд харьцангуй бага зардлаар үр дүнтэй маркетинг хийх боломжуудыг өгч байна.

Танд амжилт хүсье!

Сэдвүүд: Энтрепренершип, Гарааны бизнес

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


New call-to-action

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


Click me

Олон уншсан


Онцлох мэдээлэл


New call-to-action

Сэдвүүд