<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=306685076811977&amp;ev=PageView&amp;noscript=1">

Насны залууд ном сур гэдэг. Үнэн. Оюутан насанд шинийг сурахад толгой хамгийн сэргэлэн байдаг. Гэхдээ л би өнөөдөр илүү хурдан сурч хөгжиж буйгаа мэднэ. Яаж?  

Яаж гэдэг асуултаас илүүтэй яагаад гэх нь зөв. Би 20 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү тодорхой зорилготой, өөрөөр сэтгэдэг болсон. Аливаа зүйлд хандах хандлага маань өөрчлөгдөн хөгжих тусам илүү хурдан сурч хөгждөг. За цааш нуршилгүй өөрийн туршлагаас хуваалцъя. 

Өсөлтийн сэтгэлгээгээ хөгжүүлээрэй

Carol Dweck хэмээх эмэгтэйн бичсэн Mindset буюу Сэтгэлгээ хэмээх ном надад ихийг бодогдуулж би яагаад алдаж байсан, хэрхэн илүү амжилтанд хүрч болохыг зааж өгсөн. Энд тогтмол ба өсөлтийн гэсэн хоёр ялгаатайгаа сэтгэлгээний тухай өгүүлнэ. Хачирхалтай нь авьяаслаг хүмүүс тогтмол сэтгэлгээ байх нь элбэг аж. Тэд авьяаслаг тул аливаа зүйлсийг амархан хийчихдэгтээ дасчихсан, бүх зүйл үргэлж тийм байх юм шиг сэтгэдэг. Тэд их, дээд сургуульд ороод мэдэхгүй зүйлээ багшаас асуухаас татгалздаг. Би мундаг учир бүгдийг мэддэг, чаддаг байх ёстой гэсэн бодолтой. Би яг л тийм оюутан байсан. Гэтэл бид мэдэхгүй зүйлээ сурахын тулд оюутан болдог. Бидний мэдэхгүйг заахын тулд багш байдаг.

Шведэд мастерт суралцах үед энэ сэтгэлгээ надад жинхэнэ гай болсон доо. Монголдоо онц сураад дасчихсан би барууны том сургуульд ядахад математикийн ухаанаар суралцахад би тэнд зүгээр л нэг дундаж гэдгээ мэдрэх нь надад үнэхээр хэцүү шок байсан. Манай ангид Ирланд, Вьетнам, Швед гурван залуу онц сурдаг. Багаараа курсын ажлууд хийхэд тэр гурвыг хүүхдүүд нэг нэгээр нь хувааж авна. Тэднээс байнга асууна, за зарим нь зүгээр хуулна. Гэтэл би ангийнхаа мундгуудаас тусламж авах нь бүү хэл багш нараасаа асуухаас ч санаа зовно. Яг одоо байгаагаараа л мундаг байх ёстой гэсэн тогтмол сэтгэлгээ надад маш их саад болж байсан. Би мэдээж сургуулиа төгссөн. Гэхдээ илүү зүйлд илүү хурдан суралцах боломжийг алдсан. Монголчууд бид хүүхдээ магтаж урамшуулахдаа миний хүү ёстой авьяастай, мундаг гэж шууд магтах нь тогтмол сэтгэлгээг хүүхдэд бий болгодог. Үүний оронд хүүхдээ зорилгодоо хүрэхийн тулд хийсэн зүйлс, хүч чармайлт, хөдөлмөрийг нь сайшаах нь зөв ажээ.

Өсөлтийн сэтгэлгээ нь би өнөөдөр юу мэдэж, чадаж байна гэдгээс би өнөөдөр хэр сурч хөгжиж байна гэдгийг илүүд үздэг. Энэ нь хүн ямар ч хүнд хэцүү зүйлд суралцах, хийж чадахад тусалдаг. Би чадна эсвэл би чадахгүй гэж хэлж байгаа хүмүүсийн бүгдийнх нь зөв гэж хэлдэг. Тэгэхээр би энэ зүйлд авьяасгүй, чадахгүй гэж сэтгэхийн оронд би өнөөдөр чадахгүй ч маргааш чадна, үүний төлөө би өдөр бүр суралцана, хөгжинө, хөдөлмөрлөнө гэж гэсэн сэтгэлгээг өөртөө суулгахыг хичээдэг. Та бүхэн бас оролдоод үзээрэй.

Зорилготой, төлөвлөгөөтэй байх нь цаг хэмнэж, бүтээмжийг өсгөдөг

Би зорилгогүй байснаасаа болж их олон хэрэгтэй, хэрэггүй зүйл хийсэн, сурсан мэдсэн байдаг. Зовж зовж математикийн ухааны мастер болсон ч хэзээ ч тэр мэргэжлээр ажиллаагүй. Ямар ч зорилгогүй байсны гай мөнөөс мөн. Гэхдээ би хэн бэ, ирээдүйд юунд хүрэх вэ гэдгээ таних амаргүй. Гэхдээ энэ тухай бодож, сэтгэж, төсөөлж, мөрөөдөж бас хийж туршиж үзвэл би хэн бэ, юунд хүрэх вэ гэдэг илүү тод болно. Ирээдүйн зорилгоо, том мөрөөдлөө тодорхойлчихсон бол тэр зүгтээ өдөр бүр алхах, гүйх, харайх, авирах ажлаа хийгээд явбал тэнгэрт хязгаар үгүй гэдэг шиг хүний хүрч болох зүйлд хязгаар үгүй. 

20 настай залуусын хувьд ихэнх амьдрал урд нь байх тул өөр өөр боломж, сонголтуудыг туршиж үзэхийг зөвлөх байна. Энэ үед сул талуудаа олж харж хөгжүүлэх нь зөв. 40 нас хүрэх үед хүн өөрийн хэн бэ, юу сайн чаддаг зэргээ илүү сайн мэддэг болсон байх тул илүү тодорхой зорилго, зорилтууд тавьж тэрэндээ хүрэхэд туслах хэрэгтэй мэдлэг чадваруудад суралцвал илүү бүтээмжтэй. Миний бодлоор энэ насанд сул тал дээрээ гэхээс илүүтэйгээр өөрийн хүчтэй талуудаа улам хөгжүүлэхэд анхаарах нь зөв. 

Ямар зүйлст суралцахаа тодорхойлоход маш энгийн арга бол би зорилгодоо хүрэхэд юу юу мэддэг чаддаг байх хэрэтэй вэ гэж жагсаалт гаргана. Дараа нь чаддаг, мэддэгээ дарна. Үлдсэнийг хэзээ, яаж сурах тухайгаа төлөвлөж болно. Зарим хүмүүс намайг зүгээр онлайн курст суралцах хоббитой л байх гэж таадаг бол үнэн хэрэгтээ миний төлөвлөгөөнд орсон зүйлс байдаг. 

Онлайнаар хэрхэн суралцах вэ?

Ажил ихтэй, цаг зав муу тул би онлайнаар голдуу суралцдаг. Чөлөө заваа зохицуулаад үзээд байхад 2 сард нэг курс, жилд 6 курс дуусгаж амждаг. Би одоогоор 20 шахам курсыг онлайнаар төгссөн маань ажил төдийгүй амьдралд маань маш их хэрэг болдог.

Онлайнаар сурахад танхимд багштай үүсгэж болох харилцаа хязгаарлагдмал байдаг сул талтай. Гэхдээ онлайнаар буюу MOOC дээр суралцахад хэд хэдэн давуу талууд бий:

  • Өмнөх мэдлэг заавал өндөр байх шаардлагагүй байх нь элбэг.
  • Өөрийн мэдлэгийн түвшиндээ тааруулсан хурдаар суралцаж болно. Өмнөх мэдлэг сайтай нь бусад шигээ удаан сурах албагүй.
  • Багшийн яриаг хурдасгаж болно. Зарим багш нар их удаан ярьдаг нь залхуутай байдаг бол х1.5 гэсэн хурдаар үзвэл хурдан ярьдаг болчихно. Цаг хэмнэнэ. Би голдуу х1.25 гэсэн хурдаар үздэг.
  • Завтай үедээ сураад байж болно. 
  • Олон хүн суралцдаг тул бие биедээ үнэлгээ өгөх нь элбэг. Бусдын хийснийг үнэлэх нь маш сайн суралцах арга мөн.
  • Маш хямд эсвэл үнэгүй. Олон онлайн курсууд үнэгүй байдаг. Сертификат албан ёсоор авах бол дунджаар $50, үнэтэй нь $100 энэ тэр л байдаг.

Миний суралцдаг сайтууд гэвэл:

Coursera.org. Маш олон сайн сургуулиудын онлайн хичээлүүд байдаг. Миний дуусгаж байсан курсууд Wharton, University of London, KAIST зэрэг сургуулиудынх байсан. Wharton-ий хичээлүүд маш сайн, сонирхолтой байсан. Northwestern, University of Illinois Urbana Campaign зэрэг сургуулиудын маркетингийн курсууд их сайн. Би бизнес, менежментийн бус курсууд бас үзэж байсан. Learning How to Learn гэдэг курс эдний хамгийн олон хүн суусан курс. Тархиа бүрэн дүүрэн ашиглан суралцах, хүнд сэдвүүдээр суралцах арга техникүүд зааж өгдөг. Digital Storytelling гэдэг хичээл бас их сонирхолтой байсан. Би энэ курсаар сурсан мэдлэгээр видео зохиомжуудыг бүтээн номын маркетингт ашиглаж байсан.

edx.org. Энд MIT, Harvard, UC Berkley гэх зэрэг шилдэг сургуулиудын курсууд байдаг. Хичээл аудит хийе гээд үнэгүй үзчихдэг.

Novoed. Би энд Стэнфордын санхүүгийн курс дуусгаж байсан. Хүнд, гэхдээ сайн хичээлтэй.

HubSpot Academy. Манай BZP Digital&Inbound агентлаг маань HubSpot гээд маркетинг, борлуулалтын автоматжуулалтын шийдлийн Silver партнераар ажилладаг. HubSpot Academy хэд хэдэн маркетингийн онлайн хичээлүүдийг үнэгүй хүргэдэг. Хэрхэн гэдгийг Маркетингд хэрхэн онлайнаар үнэгүй суралцах вэ? нийтлэлээс уншаарай. Бид багийнхаа сургалт хөгжлийг дэмжих зорилгоор онлайнаар төгссөн сургалтуудын сертификатын зардлыг байгууллагаас гаргах бодлоготой байдаг. Мөн HubSpot сертификатын уралдаан зохион байгуулдаг. Саяхан эхний ялагч 3 сертификаттайгаар ₮200,000-ийн шагналын эзэн болсон. Хэн нь гэдгийг Бидний тухай хэсэг дээрээс харж болно. 5 сертификатын анхны эзэн ₮500,000, 7 сертификатын анхны эзэн ₮1,000,000, 9 сертификатын анхны эзэн ₮2,000,000 гэсэн шагналууд ирээдүйд байх юм. Хэрэв HubSpot академийн 5 ба түүнээс сертификаттай бол манай агентлагт орж ажиллахыг урьж байна. 

Inbound Certification

Udemy. Энд би ч онлайн хичээлээ зарж болно. Ер нь хямдхан. Зарим нэг үнэгүй хичээлүүд ч байдаг. Заримдаа маш сайн хямдардаг. Бүр үнэгүй авч болдог хичээлүүд ч бий. Энд би фэйсбүүкийн, вэбийн хичээлүүд үзэж байсан.

Udacity. Энд технологийн хичээлүүдэд суралцаж болдог. Би вэбийн хичээлүүд үзэж байсан.

Өөр lynda.com зэрэг маш сайн онлайн сургалтын сайтууд бий. Онлайнаар суралцахад гар утас маш тохиромжтой. Ой сайтай гар утастай бол хичээлүүдийг оффлайнаар хадгалж аваад энд тэнд, жишээ нь банкинд очерлох, таксинд явах, хүн хүлээх зэрэг сул цагуудаа ашиглаад хичээлээ үзээд байж болно. Youtube бас оффлайн хадгалж болдог болсон нь их таалагдаж байгаа.  

Апп, тоглоом ашиглаж суралцах

Duolingo. Энэ аппыг ашиглаж би испани, герман хэл сурч эхлэж байгаа. Зугаатай бас амархан сурдаг юм билээ. 

Hello Talk. Энийг би ашиглаж үзээгүй байгаа ч оруулчихъя. Хэрэв би буруу ойлгоогүй бодл гадаад хүмүүстэй ярилцаж ярианы дадлага хийж болдог гэсэн.

Medium. Би эндээс мундаг хүмүүсийн бичсэн нийтлэлүүдийг уншдаг. Блогийн сошиал медиа гэмээр санагдсан. Юм хийж бүтээдэг хүмүүсийн хэлж ярьсан, бичсэнийг унших нь сурах бичгээс илүү ихийг сургах нь элбэг.

Quora. Энд мэдэхгүй зүйлээ хүмүүсээс асууж мэдэж болдог. Би өөрөө асуух гэхээс илүүтэй хүмүүс асууж, хариулсныг орж уншдаг. Зарим зүйлсийг мэддэг хүмүүсээс нь шууд сонсчих их зүгээр байдаг. Би хүнээс бага асуудаг нь миний тогтмол сэтгэлгээний үлдэгдэл байж мэдэх л юм.

Youtube. Хүүхэд, залуучууд Youtube багш гэдэг. Энд юм суръя гэвэл үзэж дуусашгүй их контент бий.

QuizUp. Өчигдөр л олж үзсэн. Тодорхой сэдвүүдээр бодит хүмүүстэй өрсөлдөх байдлаар мэдлэгээ дээшлүүлж болох юм билээ. Надад маш их таалагдсан. Би өмнө нь Traveler IQ Challenge тоглож газар зүйн мэдлэгээ сайжруулдаг байсан.

Podcasts. iPhone, iPad дээр байдаг энэ аппаар би хэд хэдэн подкаст тогтмол сонсдог. Ялангуяа машинд түгжирч явангаа сонсдог. Миний дуртай гэвэл Louder than Words, Growth Show, HubCast, Convince and Convert, AskGaryVee зэрэг нэвтрүүлгүүд бий. Soundcloud дээр ч бас ийм подкастууд бий. Би тэнд Stanford Ecorner байнга сонсдог байсан.

Wikipedia. Эндээс мэдээж уншиж мэдлэгээ сайжруулна. Холбоосуудтай учир энэ нь ийм, гэхдээ тэр нь тийм гээд холбоос дагаад уншаад байвал системтэй мэдлэг орж ирдэг.

Хэрхэн мэдлэг болгох вэ?

Зүгээр л суралцаад байх нь өөрөө учир дутагдалтай. Бас дээр нь хүн мартдаг. Яаж мэдлэг чадвар болгож суулгах вэ? Надад хэрэг болгодог аргууд гэвэл:

  • Бусдад заах, хуваалцах үед шинэ сурсан зүйл илүү системтэй мэдлэг болж үлддэг. Бусдад заахын тулд гүн гүнзгий ойлгох гэж хичээх хэрэгтэй болдог.
  • Практикт хэрэглэх. Би аль болох сурсан зүйлээ туршиж үзэхийг хичээдэг. Энэ үед бүр ур чадвар болж тогтох боломжтой. Жишээ нь: HubSpot академийн хичээлүүдээс сурсан мэдлэгээрээ би агентлагийн бизнесээ босгож байгаа.
  • Сурсан мэдлэгээ ашиглан харилцаа үүсгэх. Сошиал медиа дээр жишээ нь тэр тухайгаа бичиж тухайн сэдвээр ярилцах нь тустай. Блог бичиж болно.

Хэрхэн залхуурахгүй, хойш тавихгүй байх вэ?

Энэ миний сул тал мөн. Би одоо ч энэ сул талтайгаа тэмцэж байгаа. Өө завгүй, ажил ихтэй байна, за энийг дараа л сурчихъя, маргааш, гэх мэтээр хойшлуулдгаа болих, давж гарах аргуудыг хэрэглэдэг. Заримдаа лав хэрэг болдог.

  • Хүчтэй, хүсэл эрмэлзэлтэй тал руугаа сурч хөгжих нь суралцахыг илүү сонирхолтой болгодог.
  • Тоон хэлбэрт оруулж өөрийн ахиц дэвшлээ харж сэдэлжиж болно. Урам өгдөг тул бууж өгөхгүй байхад тус болдог юм.
  • Deadline буюу хуваариуд үүсгэж явах. Цагт шахагдаад биеэ дайчлаад суралцах бас бий.
  • Нэг зүйлийг хийнгээ өөр зүйлд суралцаж болдог. Машин барингаа подкаст сонсдог шиг ууланд алхахдаа сонсож болно. Гүйлтийн зам дээр би олон онлайн хичээлүүдийг үзэж байсан. 
  • Өдөрт тодорхой цагийг сурч хөгжихдөө зарцуулдаг болоод дадчихаж болно. Миний хувьд унтахын өмнөх буюу 10, 11 цагийн үе шинэ зүйл сурахад тун зүгээр. Шөнө хүн унтаж байх үед тархи өөрт орж ирсэн мэдээллүүдийг цэгцэлж хэлхээ холбоос, утга учирт оруулж байдаг тул унтахын өмнө авсан мэдээлэл нь мэдлэг болж суухдаа хурдан байж болдог. Өглөө эрт сэрээд эргээд нэг уншаад үзээрэй. 

Эцэст нь хэлэхэд Ленин багшийн хэлдгээр сур, сур бас дахин сур. Амжилт хүсье!

Сэдвүүд: Хувь хүний хөгжил, HR

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


New call-to-action

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


Click me

Олон уншсан


Онцлох мэдээлэл


Сошиал медиа маркетинг сургалт

Сэдвүүд