<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=525771227631971&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өөрийн бизнесээ хийгээд хоёр жил хагас өнгөрсөн байна. Энэ хугацаанд алдсан, оносон, олсон туршлагаасаа гарааныхаа үед байгаа бизнес эрхлэгчидтэй хуваалцаж байна.

1. Би юунд дуртай бас сайн хийж чадах вэ? Гэхдээ энэ хүмүүст хэрэгтэй юу?

Нэлээн хэдэн жилийн өмнө би Жим Коллинзын Сайнаас Агууд хэмээх номыг уншаад ашигтай бизнес хийх гэдэгтэй биш өөрийн дуртай, сайн чаддаг, бас ашиг өгдөг бизнесийг хийх нь яагаад чухлыг ойлгосон.

"Үнэг маш олон арга мэх, зальтай. Харин зараа зөвхөн өргөсөө арзайлган бөмбийж л чадна. Үнэг шинэ арга заль сэдэн зарааг идэхээр ирэх бүр өргөсөө арзайлгаад бөмбийхөд үнэг яаж ч чадахгүй. Хүн өөрийн маш сайн чаддаг, хүсэл сонирхолтой, бас ашиг олдог зүйлээ хийж байж илүү агуу зүйлсийг бүтээж амжилтанд хүрч чаддаг. Үүнийг зарааны загвар гэх бөгөөд бизнест зараа шиг байх хэрэгтэй."

Тэгэхээр юун түрүүн би хэн бэ, юуг хүсч мөрөөддөг, юунд дуртай, юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ гэж юун түрүүн асуугаарай. Маш олон хүмүүс юу ашигтай вэ гэсэн өнцгөөс л харснаар өөртөө таалагддаггүй ажил, бизнес хийдэг. Хүн өөрийгөө хүчлээд, шаардаад, хичээгээд, зүтгээд байж болох ч хэзээ нэгэн цагт хийж буй зүйлдээ дургүй, хүсэл сонирхолгүй байгаагаа ойлгодог, шаталтанд ордог. Харамсалтай нь энэ үед дэндүү урт хугацаа өнгөрчихсөн байдаг.

За би өөрийн сайн мэддэг, чаддаг, дуртай зүйлээ олчихлоо гэж бодъё. Гэхдээ энэ нь хүмүүст хэрэгцээгүй бол олигтой бизнес болоход хэцүү, сайхан санаа, яриа эсвэл хобби түвшинд л дуусна. Хүмүүсийн амьдралд янз бүрийн асуудал, хэрэгцээ байнга л байдаг. Энэ нь бизнесийн бодит боломжууд юм. Бизнес хүмүүст байдаг тодорхой асуудлуудыг шийдэж чадаж байвал ашигтай, тогтвортой байж чадна. Тэгэхээр сайн хийж чаддаг, дуртай зүйл чинь хүмүүст хэрэгтэй эсэхийг судлаж үзээрэй. Гэхдээ тэд өөрсдөд юу хэрэгтэйг ойлгож амжаагүй байж ч мэднэ шүү.

“Мөнгө олохыг бус харин дэлхийг өөрчлөхийг хүсдэг хүмүүс л агуу компаниудыг үүсгэн байгуулдаг.” -Гай Кавасаки

2. Эхний хөрөнгө оруулалт маш чухал, гэхдээ хэт эрт өндөр хөрөнгө оруулалт бүү тат

Эхний хөрөнгө оруулалт ямар ч бизнест чухал. Эхний сараасаа л ашигтай ажиллаж эхэлдэг бизнес бараг л байхгүй гэхэд буруутахгүй. Би өөрийн BZP Digital&Inbound маркетингийн агентлагаа эхний хөрөнгө оруулалтгүй эхлүүлээд үйл ажиллагааных нь орлогоос хөрөнгө оруулах, санхүүжүүлэх байдлаар явж байгаа. Ингэж зохих хөрөнгө оруулалтгүй бизнес эхлүүлэх нь олон сөрөг талуудтай:

  • Зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт эсвэл зардал гаргаснаар ахиуц ашиг авчрах боломжуудыг алддаг.
  • Гол бизнесээ хөгжүүлэхээс илүүтэй мөнгөн урсгал, өглөг авлага, түр санхүүжилт олох зэрэг ажлуудад хэт их цаг хугацаа, сэтгэл санаа, анхаарал зарцуулах хэрэгтэй болдог.
  • Баг бүрдүүлэлт, хөгжүүлэлтэнд сөрөг нөлөөтэй. Бизнесээ тэлж ашигтай ажиллагаанд оруулахыг тулд орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй, үүний тулд баг бүрдүүлэх, хөгжүүлэх нь маш чухал. Хөрөнгө оруулалт хэт дутмагаас, сонгон шалгаруулалт, тогтоон барилтанд алдаа гардаг.
  • Хүн ганцхан ажлаа л хийгээд байдаггүй, цаана ар гэр, амьдрал бий. Гэр бүл, үр хүүхэд, орон гэр, хоол унд, хувцас гээд зайлшгүй амьдралын хэрэгцээнд хүндрэл үүсэх нь бизнест шууд сөргөөр нөлөөлнө. Ядаж Масловын эхний хоёр түвшний хэрэгцээн дээр айхтар доголдохгүй түвшний цалин өөртөө авчихаар байхгүй бол хэчнээн сайн бизнес байсан ч нурах боломжтой. За бизнес нь нурдаггүй юм гэхэд гэр бүл нь нурж мэдэх л юм.

Одоо харин яагаад хэт эрт өндөр хөрөнгө оруулалт хийх нь буруу байж болох тухай ярья. Бизнес өргөжих тэлэх, ашигтай ажиллахад хөрөнгө оруулалт, санхүүжилт маш чухал. Гэхдээ хэт эрт их хөрөнгө татсанаар дараахь асуудлууд бий болдог:

  • Шахалт, дарамттай хүнд үед энтрепренёрууд илүү хурдтай, шийдмэг байх нь элбэг. Тайван нөхцөлд энэ дайчин байдал нь удаашрах эрсдэлтэй.
  • Шинэ, хайрцагнаас гадуур шийдэл гаргахын оронд мөнгөөр амархан шийдчих нь элбэг.
  • Шаардлагагүй зардлууд ихээр гардаг. Гаражинд эхлэж болох байсан компани үнэтэй оффист эхлэснээр үр ашиггүй зардал ихээр гаргаснаар нурж мэднэ. Дэлхийн хамгийн шилдэг, агуу компаниуд гараж, агуулахаас эхлэх нь элбэг.
  • Ямар ч бизнес эхлэх үед алдаа их гарна. Алдаанд хэт их мөнгө зарцуулах эрсдэлтэй. Мөн хэт хурдан тэлдэг. Тэлэх нь зөв. Гэхдээ мөнгөтэй тул хэрэгцээгүй том баг байгуулах, тухайн үед заавал шаардлагатай бус хөрөнгө оруулалтууд хийгдсэнээр бизнес унах нь элбэг.
  • Зовох үед нөхрийн чанар гэж ярьдаг. Хүнд хэцүү дундаас шалгарч үлдсэн баг таны хувьд хувьд жинхэнэ сайн нөхөд чинь байж чадна. Мөнгө ихтэй үед бол дагаж салбагнах нөхдүүд хаа мундах вэ дээ.
  • Хямрал боломжийг дагуулдаг гэж мундгууд хэлдэг. Хямралын үед гайхалтай энтрепренёрууд төрдөг нь хэцүү үед хүн боломжуудыг илүү сайн хардаг, ашигладагтай холбоотой.

3. Бага зардлаар сайн үр дүнд хүрч болох боломжуудыг ашигла

21-р зууны мэдээлэл, технологийн дэвшлүүд бидэнд маш том боломжуудыг, ялангуяа хамаагүй бага хөрөнгө оруулалтаар бизнес хийх боломжийг бий болгосон. Бизнесээ эхлүүлж буй хэнд ч хэрэгтэй байж болох зүйлсээс дурдвал:

  • Бүтээгдэхүүнийг заавал өөрсдөө үйлдвэрлэх шаардлагагүй, аутсорсинг хийж болно. Энгийнээр тайлбарлавал iPhone утсыг Тайваний Foxconn компани хийдэг шиг та бүтээгдэхүүнийхээ эсвэл эд ангиудынх нь загвар, дизайнд нь илүү анхаараад үйлдвэрлэхийг нь өөр газраар хийлгэвэл үйлдвэрт оруулах өндөр хөрөнгө оруулалтаа багасгаж болно.
  • Зарим үүрэг функцүүдийг аутсорсинг хийж болно. Би эхлээд компанийхаа санхүүгийн бүртгэлийг өөрөө хийж байсан. Үндсэн бизнесийн ажил ихсэх тусам миний нягтлан бодох бүртгэлд зориулж буй цагтай холбоотой зардал өсч байсан тул мэргэшсэн байгууллагын (Монголтакс ТМЗ, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ) үйлчилгээг аутсорсинг хийсэн. Яг үүнтэй ижлээр олон жижиг, жижиг дунд бизнесүүд манай маркетингийн үйлчилгээг аутсорсинг хийдэг.
  • Үүлэн тооцоолол буюу cloud computing суурилсан програм хангамжууд, аппуудыг ашигласнаар маш бага хөрөнгө оруулалтаар бүтээмжээ өсгөж болно. Би бизнесээ анх эхлэх үедээ имэйл болон хамтын ажиллагаанд Google Apps Work болон Trello, нягтлан бодох бүртгэлд baaz.mn, зар сурталчилгаанд Facebook Page болон Ads Manager, вэб хуудсаа хийхэд Wordpress , имэйл маркетингт Mailchimp, олон сошиал сувгуудаа удирдахад Buffer, график дизайнд Canva, борлуулалт болон харилцагчийн үйлчилгээнд HubSpot CRM гээд үнэгүй, үнэгүй хувилбартай эсвэл маш хямд шийдлүүдийг ашиглаж байсан. Mailchimp жишээ нь 2,000 контакттай болох хүртэл ямар ч үнэгүй ашиглаж болдог. HubSpot бүтэн сарын туршилтын боломж өгдөг тул бид сар бүр шинэ туршилтын хувилбар нээх байдлаар олон сар үнэгүй ашиглаж байсан. Бараг бүх програм туршилтын хувилбаруудтай байдаг нь танай үйл ажиллагаанд таарах, хэрэг болох эсэхийг туршиж мэдэх сайхан боломж.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Сошиал медиа маркетинг хэрхэн нэг цэгээс хийх вэ?

  • Контент маркетинг аль болох эртнээс хийж эхэл. Итали ресторан нээхээр ажиллаж байлаа гэж бодъё. Хэрэв нэрээ бодчихсон байгаа бол фэйсбүүк хуудсаа нээгээд итали хоолны мэдээлэл, жор, түүх, соёл, сонин хачин фактууд, блог нийтлэлүүд гээд контентуудыг хийж ирээдүйн хэрэглэгчдээ татах хэрэгтэй. Сайн тогоочтой бол зураг, видео контентууддаа оруулахад гэмгүй. Хэн хоол хийдэг вэ гэдэг хүмүүс сонирхолтой байж л таараа. Ресторан нээгдэх үед 20,000 лайктай хуудастай болчихсон байлаа гэж бодоход эхний үйлчлүүлэгчид бараг л бэлэн гэсэн үг. Контент маркетинг хийхэд цаг их ордог ажил, гэхдээ тогтвортой хийвэл маш үр дүнтэй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Яагаад бизнесүүд блог бичих хэрэгтэй вэ?

  • Контентоо, зараа хэрхэн илүү хүнд хүргэх вэ? Фэйсбүүк сурталчилгааг зөв хийвэл хямд бас үр дүнтэй байж чаддаг. Өнөөдөр зар сурталчилгаа хийж болох хамгийн хямд бас хамгийн боломж энэ гэхэд буруудахгүй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Фэйсбүүк маркетингийн 5 түгээмэл алдаа

4. Юу ч төгс биш. Харин зарах, бас өдөр бүр хөгжиж, сайжрах нь л чухал.

Гайхалтай бизнес хийх гээд 6 сар стратеги, төлөвлөгөө боловсруулах нь амьдралаас хол. Хамгийн эхэнд хийх зүйл бол прототип. Хэрэглэгчид ч тэр, хөрөнгө оруулагчид ч тэр харахаас нааш хэчнээн гоё ярихад ойлгохгүй, итгэхгүй байж мэднэ. Прототип байхад лав 20 хуудас танилцуулгаас илүү нөлөөтэй. Энэ нь эхний зайлшгүй шаардлагатай хөрөнгө татахад хэрэгтэй юм. За шууд утгаар мөнгө босгохос гадна өөрөө энэ бизнестээ итгэхэд, бас тогтмол ажлаа орхиод бизнесээ эхлэхэд гэр бүлийнхэн чинь итгэхэд хэрэгтэй.

Ямар ч бүтээгдэхүүн төгс байдаггүй. Боломжийн сайн бүтээгдэхүүн гаргаад зарах хэрэгтэй. Харин байнга сайжруулж хөгжүүлж байх нь маш чухал. Хамгийн анхны iPhone өнөөдрийн iPhone 7-гийн хажууд мэдээж аймаар хуучин, муу харагдана. Гэхдээ тухайн үедээ хувьсгал хийж байсан шүү дээ.

Манай агентлагийн Сошиал медиа маркетингийн сургалт анх 2 жилийн өмнө хийх үед хамт заах багш маань жоохон хойшлуулах уу, бүр сайн бэлтгэе гэж билээ. Хэлсэн цагтаа зүтгээд хийе, дараа дараагийнх дээр нь бүр сайн болгоод явъя гэж шийдсэн маань одоо эргээд харахад зөв байсан. Хоёр жилийн турш бид сургалтынхаа агуулгыг байнга цаг үед нь тааруулсан шинэчлэж сайжруулж ирсээр одоо зах зээл дээр сайн байршиж мянга гаруй төгсөгчтэй болжээ.

Сошиал медиа маркетингийн сургалт. Хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх.

5. Менторын тусламж ав

Туршлага бол суралцсан алдаанууд гэдэг. Бизнест алдаа зөндөө гарна. Гол нь алдаагаа зөв харах, хүлээх, засч залруулах хэрэгтэй. Гэхдээ зарим алдааг гаргахгүй байж чадвал илүү хурдтай урагшилж чадна. Ямар ч бизнесийг яаж хийхийг математикийн томъёо шиг яг таг заасан байдлаар хийдэггүй. Тэгэхээр мэддэг, чаддаг, туршлагатай хүнийг дагаж сурч, хөгжих нь дөт зам болно.

Хорин жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр Монголд бизнес хийж үзсэн, амжилтанд хүрсэн хүмүүс олон бий болсноор үлгэр дуурайлал, зөвлөгөө, менторинг авах боломж ихэссэн. Дэлхий хавтгай болсон, интернэт, ухаалаг утас, сошиал медиа гэх мэт дэвшлүүд өмнө байсан хил хязгааруудыг алга болгосон. Монгол хүн өнөөдөр дэлхийн нөгөө талд амьдардаг ментортой байх боломжтой. Монголд ч гэсэн гарааны бизнесүүдийг дэмжих олон хөтөлбөрүүд хэрэгжих болсон.

Нэг том эндүүрэл байдаг нь том компаний том захирал бол бизнес амжилттай хийж чадна гэсэн бодол. Менежмент ба энтрепренёршип хоёрт давхцах зүйлс олон ч гэсэн олон огт өөр ур чадвар, туршлага, сэтгэлгээг шаарддаг. Гурван жилийн өмнө намайг энтрепренёрын сэдвээр илтгэл тавиач, яриа хий гэвэл би өмнө нь олон компаний захирал хийсэн байсан ч чадахгүй байсан. Өнөөдөр харин бизнес хийж үзээд, алдаж, онож, сурч, хөгжиж, туршлага сууж байгаа тул хүнд хэрэгтэй зарим нэг зүйлийг хэлж ярьж чадахаар болжээ. Дүгнэлт нь бизнес хэрхэн хийх талаар энтрепренёруудаас менторинг авбал илүүд сургаж чадна. Захирлууд бол бизнес удирдах, менежмент хэрхэн хийх тал дээр сайн ментор байж чадна.

Би хэрхэн менторинг авдаг вэ? Монголд харьцангуй хөгжлийн эхэндээ яваа салбарт бизнес хийж байгаа тул гадаад хүмүүсээс суралцах хэрэг гардаг. Би нэлээн хэдэн подкаст нэвтрүүлгүүдийг сонсож мэддэг, чаддаг, мундаг хүмүүсээс суралцдаг. Анх бизнес эхлэхдээ онлайн курсууд үзэж байсан. Та энд дарж хэр олон төрлийн хичээлд үнэгүй суралцаж болохтой танилцаарай.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Би хэрхэн сурч хөгждөг вэ?

Танд амжилт хүсье!

Сэдвүүд: Энтрепренёршип

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренёр, гүйцэтгэх удирдлага, дижитал маркетер. BZP Digital&Inbound компаний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. М-Си-Эс, Алтай Холдинг, Скайтел группуудэд ажилласан туршлагатай гүйцэтгэх удирдлага. Executive Club of Mongolia үндэслэн байгуулагч гишүүн.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


Сошиал медиа маркетингийн сургалт. Хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх.

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


New Call-to-action

Олон уншсан


Онцлох мэдээлэл


Инбаунд маркетингийн үйлчилгээ

Сэдвүүд