Хувь хүн амжилтанд хүрэхэд өөрөө л гол нь хичээнэ. Бизнесийн амжилтанд хүрэхэд харин баг амин чухал. Сайн баг бүрдүүлэхэд юунд анхаарах вэ?

Энэ нийтлэлээр баг бүрдүүлсэн өөрийн амжилтын түүхийг биш, харин алдаа, оноогоо эргэцүүлсэн, дүгнэснээ хуваалцахыг зорилоо. Амжилтанд хүрчихсэн шилдгүүдийн сургаалиас олж сонссон, ухаж ойлгосноо ч бас орууллаа. Энэ сэдвээр би уржигдар МУИС-ийн Start Up 1.0 хөтөлбөрийн оюутнуудад (энэ нийтлэлийн зургийг уг ярианы дараа авахуулсан юм) яриа хийсний дараа олон асуулт асууж байсан тул та бүхэнд ч мөн сонирхолтой байж мэднэ. 

Эхлээд яагаад баг хэрэгтэй вэ гэсэн хэт ойлгомжтой мэт асуултыг тавья.

  • Өнөө үед хүн ганцаараа хийчихдэг зүйл өмнөх мянгануудтай харьцуулахад эрс цөөрсөн. Нобелийн шагнал авч буй нэг эрдэмтний бүтээлд олон зуун хүний хөдөлмөр шингэсэн байдаг гэлцдэг.
  • Хэн ч төгс биш. Нэг хүн хэчнээн гайхалтай мундаг байсан ч нэг л хүн тул чадахгүй, мэдэхгүй зүйлс олон байдаг. Билл Гейтс, Стив Жобс нарын домог болсон энтрепренерүүдэд ч давуу болон сул талууд байсан. Сул талуудыг баг нь нөхөж өгдөг. 
  • Бизнест олон янзын ур чадвар хэрэгтэй болдог. Санхүү, стратеги, манлайлал, маркетинг, борлуулалт гээд л үргэлжилнэ. Энэ бүх ур чадварууд багаас л гарч ирэх боломжтой.  

Яагаад чухал гэдэг ойлгомжтой. Одоо харин баг бүрдүүлэхэд анхаарах зүйлс буюу гол сэдэвтээ орцгооё.

1. Үүсгэн байгуулагчдын ялгаатай байдал

Ганцаараа бизнес хийх нь зарим чухал зүйлс хаягдах, хэт ачааллаас шаталтанд орох, нэг хүний бодлоор хайрцаглагдах зэрэг эрсдэлүүдийг бий болгодог. Маркетингийн агентлагийн бизнесийг ганцаараа удирдахдаа би ийм байдалд орчихгүй арга замуудыг байнга хайж, хөндлөнгийн нүдээр харахыг хичээдэг. Энэ нь илүү хурдтай тэлэх, алдаагаа олж харах, тодорхой ажлууддаа төвлөрөх боломжуудыг маань хааж байдаг.

Маркетинг, борлуулалт, санхүү, хүний нөөц, бүтээгдэхүүн, сургалт хөгжил гээд байж болох бүх функцүүдээ өөрөө удирдана. Мөнгөн урсгалын менежмент, өглөг, авлагын асуудлууд гэхэд миний ажлын 10-аас 20 хувийг өлхөн эзэлдэг. Сая л гоё нэр томъёогоор хэлсэн болохоос биш түрээсээ яаж төлөх вэ, цалингаа яаж тавих, татвар, шимтгэлээ яаж төлөх, өөрөө яаж нэхэж авах вэ гэдгийг л ярьж байлаа. 

Өөрийн хийж буй шийдлүүдээс дурдвал:

  • Аутсорсинг авах. Санхүү, бүртгэл, тайлагнах ажлыг Монгол Такс гээд татварын мэргэшсэн зөвлөх байгууллагаар нь хийлгэчихдэг тул ядаж энэ талаар санаа зовдоггүй.
  • Багтаа эрх мэдэл шилжүүлэх. Ажил гүйцэтгэхээс гадна борлуулалт, сургалт хөгжил гээд тодорхой функцүүдийг алхам, алхмаар шилжүүлэхийг зорьж байна. Шилжүүлэх тусам би илүү төвлөрч, бүтээмжээ өсгөдөг.
  • Автоматжуулалт. Үүлэн тооцоолол суурилсан програм хангамжууд хөгжсөн өнөө үед маш бага зардлаар (заримдаа үнэгүй) автоматжуулснаар харилцаа, менежмент, бүтээмжээ өсгөж болно.

ХОЛБООТОЙ: Маркетингийн үнэгүй атлаа сайн 10 програм

Иймд бизнест хоёроос гурван үүсгэн байгуулагчид байх нь практикт илүү үр дүнтэй харагддаг. Хэт олон байх нь санал олон хуваагдсанаар байнга зөрчилдөх, бусаддаа хэт найдах, төвлөрлөө алдах зэрэг сөрөг талуудтай. 

Дараах онцлог ур чадвар, шинж чанаруудыг агуулсан хүмүүсээс үүсгэн байгуулагчдын баг бүрдэх нь үр дүнтэй гэдэг.

  • Технологио мэддэг хүн. Стив Жобст гайхалтай инженер, зохион бүтээгч Стив Возниак байсан. Нарийн технологи, шийдэл, ур чадвар, арга ухаан, авьяас, "нууц жор" гэх мэт. Технологи гэдгийг зөвхөн мэдээллийн технологи гэж бүү ойлгоорой. Рестораны бизнест бол гол тогоочийг нь ярьж байна. Барилга зураг төсөлд бол ерөнхий архитекторыг нь, хувцас загварт бол дизайнерыг нь ярьж байна гэсэн үг.
  • Зарж чаддаг хүн. Ямар ч бизнест бүтээгдэхүүнээ зарж чадаж байна гэдэг нь маш олон асуудлыг шийддэг. Нарийн мэргэжлийн хүмүүс хийсэн зүйлээ зарж чаддаггүй байх нь тун элбэг. Жишээ нь би дотогшоо буюу интроверт хүн болоод ч тэр үү юм зарахдаа тааруу. Том компанид олон жил ажилласан мундаг мэргэжилтнүүд өөрийн бизнесээ хийх гээд сайн чаддаггүй нь олон шалтгаантай байдаг ч хийсэн зүйлээ маркетинг хийж, зарж борлуулахдаа тааруу байдагтай холбоотой. Иймд үүсгэн байгуулагчдын нэг нь маркетинг, борлуулалт талдаа чадварлаг хүн байх нь давуу тал болно.
  • Мөнгө, санхүүгээ мэддэг хүн. Зарж чадна гэдэг чухал гэдгийг дээр дурдсан. Өнөөдөр бид борлуулдаг, ажлаа хийдэг. Харин хөрөнгө оруулалт, санхүү, мөнгөн урсгалаа удирдах гэдэг хэсэг нь эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед ялгаагүй чухал. Мөн сайн яваад байна уу муу яваад байна уу гэдгээ санхүүгийн тоогоор олж харж зөв алхмуудыг хийж чаддаг байх хэрэгтэй.

2. Зөв хүмүүсийг ажилд авах

"Сайнаас Агууд Дэвшихүй" номын зохиогч Жим Коллинз Хэн? гэдэг нь Юуг?, Яаж? гэдгээс илүү чухал асуулт гэж дүгнэсэн байдаг. Буруу багтай бол хэчнээн зөв бизнесийг, сайн хийгээд ч амжилтанд хүрдэггүй аж. Өнөөдөр маш олон компани буруу хүмүүсээр баг бүрдүүлчихсэн байдгаас үүддэг асуудлын жишээнүүдээс дурдвал:

  • Ихэнх ажилтнууд нь ажилдаа дургүй, урам зориггүй байдаг тул ажлын гүйцэтгэлийг нь үнэлэн хариуцлага тооцох, хоцорсон минутаар нь цалингаас нь хасах, дуудаж загнах, сануулах, шийтгэх гэх мэт тогтолцоог гаргах хэрэгтэй болдог.
  • Компаниа гэх сэтгэлгүй ажилтнуудын санхүүгийн хариуцлага ч сул байдаг тул аудитын хороо, аудитын баг ажиллаж хянадаг. Худалдан авалтын журмууд гаргадаг, зуун ямаанд жаран ухна гэгчийн үлгэрээр маш олон даргатай, тэдний гарын үсгээр л шийдвэр гардаг тул ажил удаан. 

Сайн баг бүрдүүлсэн компаниуд хянахад бус бүтээхэд илүү цаг, хүчийг зарцуулж чаддаг. Ийм багт хэт олон дарга, захирлууд хэрэг болдоггүй. Нэтфликс компани зөв баг бүрдүүлээд соёлоо төлөвшүүлж чадсан тул томилолт, бизнес уулзалтын журам гэж байхгүй өөрөө мэдээд компанид аль зөв гэдгээр нь шийд гэж хэлж чаддаг аж. Манай компаниуд ингэвэл хаос үүсэх биз.

Намайг Нэтфликс, Стив Жобсоор жишээ авахаар олон хүн наадуул чинь тэнгэрийн амьтад, чи хөрсөндөө бууж газраар мөлхөхөө бод гэж зөвлөх нь олонтаа. Би харин шилдгүүдээс суралцаж, том зүйлд тэмүүлж байж л олигтой урагшилна, хөмөрсөн тогоон дотроо эргэлдээд л байвал эргэлдээд л байна шүү гэж хариулдаг. Энэ гэхдээ миний зөрүүд зангийнх. 

Ажилд авахдаа дараах шалгууруудыг авч үзээрэй:

  • Соёлын таарамж. Байгууллагын соёл компанийг хөдөлгөж байдаг. Тааруухан соёл нэгэнт тогтчихсон бол засахад тун хэцүү, бичигдээгүй хууль болчихдог. Залхуу, худлаа ярьдаг, итгэл үл даагч, хэрүүлч, амиа бодогч, дарамтлагч, гутрангуй үзэлтэн, улс төржигч гэх мэт "ялзарсан алимнууд" багт орж ирэх нь бусдыгаа хүртэл "ялзруулах" хортой нөлөөтэй байдаг.
  • Хандлага. Ажилдаа дургүй, сэтгэлгүй хүний хийсэн зүйл олигтой байдаггүй. Компанидаа дургүй хүмүүс ажилладаг компанид хэрэглэгч дуртай байхгүй. Иймд ажлын ярилцлагуудад ажил горилогчийн зан төлөв, хандлага, соёлын таарамжийг тодорхойлох асуулт, тестүүд оруулах хэрэгтэй байдаг.
  • Ур чадвар туршлагаас илүү чухал гэсэн чиг хандлага бий. Ялангуяа маш хурдтай өөрчлөгдөж хөгждөг салбарт шүү дээ. Гэхдээ характерыг харж ажилд аваад ур чадварыг нь харин зааж сурга ч гэж бас хэлдэг.
  • Мэдээж туршлагатай хүн ажилд авах нь том давуу тал өгнө. Гэхдээ буруу туршлага суусан хүн ажилд авснаас туршлагагүй ч гэсэн зөв хүнийг аваад ур чадварыг нь хөгжүүлээд туршлагажуулаад явах нь зөв байх нь олонтаа. 
  • Бүтээлч сэтгэлгээ, санаачлага. Ихэнх хүмүүс хийдэг ажлаа л хийж суух сонирхолтой, өөрчлөлтийг эсэргүүцэж чөдөрлөж байдаг. Бүтээлч, хайрцагнаас гадуурх сэтгэлгээ, өөрчлөлтөд санаачлагатай байдал багийн дунд, урт хугацааны хөгжилд нэн чухал байдаг. 

Буруу хүмүүс ажилд авсан нь тодорхой болсон бол харин хурдан халж сураарай. Зоригтой салж сайн чаддаггүйгээсээ болж удаа дараа алдаж л байсан. Тухайн үед хохиролтой боловч дунд, урт хугацаандаа маш зөв шийдвэр болдог.  

3. Зөв цагт багаа өргөжүүлэх

Бизнес өргөжин тэлэхийн хэрээр баг өсч хөгжих, томрох хэрэгцээ гардаг. Энтрепренерүүд, гүйцэтгэх удирдлагуудын гаргадаг нэгэн том алдаа бол багаа хэт хурдан томруулдаг. Бизнес гарааны шатандаа байхад нэгж бүр дээр албан тушаал үүсгэх нь зайлшгүй шаардлагагүй зардлуудыг өсгөж байдаг.

Үйл ажиллагааныхаа мөнгөн урсгалыг тогтворжуулах нь хүний нөөцийн төлөвлөлтөө зөв гаргахад тусалдаг. Багаа хангалттай бүрдүүлж чадаагүй тул боломжийг алдах эсвэл чанар тааруу байх эрсдэлүүдийг дагуулдаг.

Зарим үед манлайлагчийн алсын хараа, туршлага, мэдрэмж ч хүний нөөцдөө хөрөнгө оруулалт хийн ухаалаг эрсдэл хүлээх алхам хийхэд хэрэг болдог.

4. Сургах, хөгжүүлэх 

Сургаж, хөгжүүлээд байдаг. Гэтэл сурч аваад ажлаас гараад явчихвал яах вэ? Энэ асуултын оронд сургаж хөгжүүлэхгүй байсан чинь ажилдаа үлдчихвэл яах вэ гэсэн асуултыг тавиад үзээрэй. Багаа сургах, хөгжүүлэх гэдэг нь сонголт биш. Өөрөөр хэлбэл заавал хийх хэрэгтэй ажил.

Ажилтнуудаа сургаж, хөгжүүлдэг байгууллагыг ажилтнууд нь орхиж яваад байх нь ховор. Ийм компаниа орхиод арай илүү цалин амласан руу нь явж байгаа бол угаасаа л танай хүн байгаагүй гэсэн үг. Сургуульд явах гэх мэт хүний амьдралд байдаг шалтгаануудыг ярьсангүй. 100 мянган төгрөг илүү авахын төлөө ажлаа солиход бэлэн байдаг хүмүүсийн тухай байлаа.

Оюутан залуу насандаа Шведийн Эрикссон хэмээх том корпорацид ажилладаг байхад ханан дээр нь "Таны хийсэн нэг алхам, компаний хувьд мянган алхам" гэж бичсэн байсан нь одоо ч санаанд тод үлджээ. Баг хөгжиж байна уу үгүй юу гэдэг нь амжилтанд хүрэх эсэхийг шууд тодорхойлдог.

ХОЛБООТОЙ: Би хэрхэн сурч хөгждөг вэ?

5. Нээлттэй, үнэнч шударга, бодит соёлыг багтаа төлөвшүүлэх

Маш олон компанид хүмүүс нь "баг зүүж" ажлаа хийдэг. Ажилтан нь албаны даргынхаа, албаны дарга нь захирлынхаа, захирал нь эзнийхээ "өгзгийг долоож", өөрийгөө болон өөрийнхөө фракцын эрх ашгийн төлөө түвшин түвшиндээ тоглолтуудыг хийдэг. 

Корпорацийн ийм улс төржилтөд автагдсан компаниуд хэзээ ч гайхалтай амжилтанд хүрэхгүй. Хэрэв бид дэлхийн зах зээлд өрсөлдье гэж бодож байгаа бол захирлаасаа эхлээд алдаа гаргасан бол алдаагаа хүлээчихэж чаддаг, бодож байгаа зүйлээ хэн нь ч нээлттэй хэлдэг, баг доторх баг бус ганц том багийнхаа төлөө зүтгэдэг тийм л соёлтой байх хэрэгтэй. 

Энд захирлуудын үлгэр дуурайлал, манлайлал маш чухал. Олон захирал бүгдийг мэддэг, чаддаг супер баатарын дүрд тоглодог. Би ч гэсэн дунд нь ороод багаа зүүгээд дүрдээ итгээд тоглож л явсан. Одоо харин дүрд тоглох цагаа ажлаа хийхэд, бизнесээ босгоход, багаа хөгжүүлэх, үлгэрлэхэд зарцуулдаг болсон. Та энэ тухай бодож нэг үзээд санаа бодлоо доор хуваалцаарай. 

Энэ хүртэл уншиж дуусгасан танд баярлалаа. Амжилт хүсье!

Сэдвүүд: Энтрепренершип, HR

Batzorig Begzsuren

Нийтлэлч: Batzorig Begzsuren

Энтрепренер, дижитал маркетер. BZP Digital&Inbound агентлагийн үүсгэн байгуулагч. Технологи, бизнес, маркетинг, энтрепренершип, хүний хөгжлийн сэдвүүдээр бичдэг.

Мэдээлэл авахаар бүртгүүлэх


Онцлох зар


New call-to-action

Сүүлд нэмэгдсэн


Цахим ном татах


Click me

Олон уншсан


Онцлох мэдээлэл


Сошиал медиа маркетинг сургалт

Сэдвүүд